Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоогоод байгаа. Мөн Онц байдал тогтооно гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулах биш. Харин санхүүгийн зарим материалыг татаж үзэх шаардлагатай байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлсэн.

Тэвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг өчигдөр /2019:3:6/ үйлдвэрийнхэнд танилцуулсан. Тэрбээр "Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, надад тусгай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийг миний бие ахалж ирээд байна. Та бүхэнд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцуулъя. Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг надад даалгаж, сар бүр Засгийн газарт тайлагнах болсон. Тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж есөн өрөөг битүүмжлэхээр болж байна. Мөн эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлнө" гэсэн юм. 

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат "Засгийн газрын тогтоолоор онцгой дэглэмийн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрт зарим арга хэмжээ авахыг албан тушаалтнууд зөвшөөрсөн. Компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгсөн. Үйлдвэрийн захирал тушаал гаргаж, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлнө. Үүнд:

  • Тэргүүн дэд захирал
  • Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
  • Хөгжлийн бодлогийн газрын дарга
  • Хуулийн хэлтсийн дарга
  • Хуулийн хэлтсийн даргын орлогч
  • Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
  • Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлнө" хэмээн танилцуулснаар өрөөнүүдийг битүүмжилсэн байна.