УИХ дахь АН-ын бүлгийнхэн ээлжит бус чуулганаар ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэхийг шаардав

УИХ дахь АН-ын УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүлжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэд гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг эхлүүлэхээр товлосон. Иймээс чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан тэр дундаа АТГ-т яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг оруулах саналыг тавьж байгаа тодотгосон. Учир нь одоогоор МАН-ын бүлгийн 23 гишүүн албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ авсан асуудалд нэр холбогдоод байгаа бөгөөд тэднээс тав нь яллагдагчаар татагдаад юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  "Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд тус асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын даргад байгаа учраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байгаа юм" гэсэн. 

АН-ын гаргасан уг мэдэгдэлд:

“Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд барьцаанд тавьсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, “шүдгүй” гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёсоо тогтоох хангалттай боломж байгааг дахин сануулахын хамт “Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна” гэх үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж байна.

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан нам 1990 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, 3 дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ