Л.Оюун-Эрдэнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг “Монголиа коппер корпорэйшн” хууль бус замаар худалдаж авсан. Хэрхэн яаж худалдсан талаархи хурлын протоколыг улсын нууцаас гаргаж байна хэмээн мэдээлсэн.  Түүнийг энэ мэдээллийг дэлгэн тавьсны дараа "Монголын зэс корпораци"-ийн төлөөлөл мэдээлэл хийж, Л.Оюун-Эрдэнэ сайдыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын нууц протоколыг ил болгосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга мэдээллийн эхэнд "Монголиа коппер корпорэйшн” компанийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн схемийг танилцуулсан. Энэ үеэр тэрбээр "УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс мэдээлэл хийж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад 400 270 000 ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн схемын талаар танилцуулна. Тус компани Монголбанкнаас өрийн бичиг бичиж, хоёр удаа 200 тэрбум төгрөг авсан. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая,  Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээлийг тус тус авсан байна. Мөн Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөг авсан. Монголбанк, Худалдаа хөгжлийн банкнаас  "Монголиан копер корпораци" -руу мөнгө шилжүүлсэн. Эндээс харахад "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авах санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь хувийн компаниас гарсан. Энэ санхүүгийн схемийг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн зарласны дараа Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан “Монголиа коппер корпорейшн”-той хэлцлийн ширээний ард сууна” гэсэн юм. Мөн хуулийн байгууллага шалгаж байгаа тодорхой хэсгийг нууцын зэрэглэлтэй үлдээж байгаа бөгөөд хуулийн байгууллага эцэслэсний дараа нээлттэй болгох боломжтой гэдгийг ч хэлж байлаа. 

Мөн энэ үеэр хурал зохион байгуулагчид өнгөрсөн хугацаанд ийм мэдээлэл, асуудал үүссэн байхад хуулийн байгууллага, ялангуяа нийслэлийн прокурорын байгууллага хариуцлагагүй хандсан. Олон удаа энэ асуудлыг шалгах хүсэлт өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар шалгах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлтэй материалууд ил болсноор хуулийн байгууллага ажлаа хийх боломж бүрдэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэдгийг онцолж байлаа. Мөн энэхүү ажлын хэсэг ил болсон эдгээр мэдээллийн дагуу цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэрхэх талаар ярилцах юм байна.

Хурлын үеэр сэтгүүлчид түүнээс "Монголын зэс корпораци"-ийн зүгээс таныг шүүхэд өгнө гэсэн. Танд мэдээлэл байна уу? хэмээн асуусан. Энэ асуултад тэрбээр "О.Орхон, М.Мөнхбаатар гэх мэт залуусыг би өрөвдөж байна. Хэн нэгний гар хөл болж байж ахын дүү хохиров, улс төрийн золиос болов. Ахын дүү болгоомжтой байгаарай. Жинхэнэ эзэд нь яагаад гарын үсэг зурахгүй байна. Мөнгө угаалтын систем рүү 20 хэдхэн настай залуусыг түлхэж байна. Тэдгээр залуус мөнгө угаалтын хэргээр шоронд орж магадгүй. Хүний гар хөл, бусдын гар хөл болж байна шүү дээ. Өөрөө л хохирох вий дээ гэж би Ц.Пүрэвтүшин дүүдээ захихыг хүсэж байна.  Ц.Пүрэвтүвшин намайн өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн байна. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш ямар ч хуурамч мэдээлэл өгч байгаагүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг албан тушаал бол маш хариуцлагатай алба. Би баримт дээр үндэслэж ярьж байна. Нийт материалын 1/5-ыг л би дэлгэсэн, бусад мэдээллийг шүүхийн өмнө дэлгэх боломжтой" гэсэн юм.