Сонгуулийн жилийн өмнөх АН-ын ротаци эхэлжээ

АН-ынхан нам доторхи аливаа асуудлыг хэдэн дарга нараар биш харин бүх гишүүдийн оролцоотойгоор шийддэг болсон хэмээдэг. Улмаар намын дотоод сонгууль буюу ротаци нь үүний тод жишээ хэмээдэг юм. Тэгвэл тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт /ротаци/-ийн сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны гишүүдийн эргэлт /ротаци/-ийн сонгуулийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлажээ. Энэ тухай АН-ын Дотоод сонгуулийн хорооны тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд “АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт /ротаци/-ийн сонгуулийн чөлөөт суудалд эргэлтийн сонгуульд орох гишүүдийн нэрсийг нэгдүгээр жагсаалтаар, эмэгтэйүүдийн суудалд эргэлтийн сонгуульд орох гишүүдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар харин залуучуудын суудалд /39-өөс дээшгүй настай байх/ эргэлтийн сонгуульд оролцох гишүүдийн нэрсийг гуравдугаар хавсралтаар баталсугай гэжээ. Мөн Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг 2019 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 9:00 эхлүүлж гуравдугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагт, Нийлслэл, аймаг дүүргийн Намын хорооны гишүүний эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг 2019 оны гуравдугаар сарын 9:00 цагт эхэлж 7-ны өдрийн 20:00 цагт дуусгасугай гэжээ.

Юутай ч 2020 оны сонгууль хаяанд ирж, засаг барьж буй МАН-ынхны нэр хүнд урд өмнө байгаагүйгээр унасан энэ үед сөрөг хүчин болох АН дотор их цэвэрлэгээ эхэллээ гэж ойлгож болох юм.