С.Амарсайхан:  Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна.

Шинээр хотын даргаар томилогдсон С.Амарсайханд Нийслэлийн Засаг даргын тамгыг гардуулж, ажлыг хүлээлцэх ёслол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр боллоо. Ажил хүлээлцэх ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байгаа. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс эхлээд ажлаа үргэлжлүүлээд явна. Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллахаас ажлаа эхэлнэ.

                                                                                                                                              Эх сурвалж: Улаанбаатар.мн