Л.Оюун-Эрдэнэ:

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай Засгийн газрын төлөөлөл уулзалт хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ийм уулзалт болсон гэдгийг өнөөдөр сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон тухайгаа мэдээллээ. Түүний хэлснээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32 дугаар тэмдэглэлээр  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн ажээ. Улмаар Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байна. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин оролцсон. Хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна. УИХ-аас 49 хувийн төрийн өмчит авах 23 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол Үндсэн хуулийн Цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан байгаа. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт бий. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үеийн хурал дээр хэлж байсан байна гэсэн. 

Түүнчлэн 2016 онд нийтдээ 400 сая орчим ам.доллараар “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт бий бөгөөд энэхүү санхүүгийн баримтууд дээр үндэслэн шалгалт хийхэд Монголбанк, Сангийн яамнаас зээл авч энэхүү наймааг хийсэн гэх үндэслэл бий аж. Тиймээс хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө байсан эсэхийг шалгах асуудал хуулийн шатанд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Засгийн газарт байгаа болон бусад материалыг танилцуулах аж. Хэрэв төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан гэж Засгийн газар хардаж байгаа юм байна. Мөн ҮАБЗ-д танилцуулснаар УИХ болон олон нийтэд маргаангүй, бодит мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болгох ёстой гэж үзэж буй юм байна.