Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурвыг нь нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдjийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын хариу болоод цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд танилцууллаа.

Ч.Хүрэлсбаатар сайдын мэдээлснээр Сангийн яамнаас Засгийн газрын 29 санд шалгалт хийжээ. Улмаар долоог нь татан буулгах тогтоолыг Засгийн газраас баталсан байна. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон санг татан буулгахаар болжээ.  Ингэхдээ сангуудтай холбоотой хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Үүнээс гадна зээлтэй холбоотой буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван санг нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Харин Авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн гурван сангийн үйл ажиллагааг сайжруулахаар болсон аж. Энэ тухай Сангийн сайд “Боловсролын зээлийн санд л гэхэд маш олон диплом барьцаа болоод байж байдаг. Диплом нь өөрөө барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа учраас уг асуудлыг шийдвэрлэнэ. 1997 оноос хойш 1893 хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч,  52.3 сая ам.доллар зарцуулагдсанаас 32.7 сая нь эргэн төлөгдсөн байна хэмээсэн юм. Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас л гэхэд нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүний 47 тэрбумын зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотойгоор гарчээ. Харин 72 тэрбум төгрөгийн зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа аж.

Түүнчлэн энэ мэдээллийн үеэр бас нэг зүйл анхаарал татсан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөгдөөгүй 100 гаруй тэрбум төгрөг байгаа аж. Тиймээс тус сангаас зээл авсан хүмүүсийг зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авах аж. Түүнчлэн нэг  компани хэд, хэдэн сангаас зээл авсан зөрчил илэрсэн байна. Тиймээс зээл авсан компаниудын мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болжээ. Цаашид сангуудтай холбоотой үйл ажиллагааг цэгцэлж, чангатгах шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэсэн юм. Мөн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдгийг хориглох, төрийн албан тушаалтан зээл авдгийг болиулах зэрэг арга хэмжээг авахаар болжээ. Түүнчлэн бүх санд 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна. Тодруулбал, ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оролцуулах, үйл ажиллагааг ил тод болгох, холбогдох бүхий л мэдээллийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд ил болгох зэрэг үүргийг өгчээ.  

Ч.УЛААН: ЖДҮХС өөрөө Сангийн яамнаас 100 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна

Мөн энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, "ЖДҮХС өөрөө Сангийн яамнаас 100 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ өр нь 2008 оноос хойш хуримтлагдсан. Засгийн газрын сангуудад санхүүгийн багагүй зөрчил байна. Шалгалтын мөрөөр өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулна. Мөн зээлээ зориулалтын дугуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, албан тушаалтантай хариуцлага тооцно. Бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн нэр хүнд нь хөндөгдөж таарна. ЖДҮХС өөрөө асар их хэмжээний өртэй байгаа. 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтрэсэн өртэй байна. Одоо төлөгдөж орж ирж байгаа зээлүүд өрөнд суутгагдсан байна.

Цаашдаа Сангийн яамтай зээлээ хэрхэн барагдуулах талаар ярилцаж байна. Ингээд энэ жилийн төлөвлөгөөнд тусгасан зарцуулах ёстой зүйлдээ санхүүжилтээ зарцуулна. Үүний хажуугаар зээлээ төлөх хуваариа шинэчлээд зээлээ төлөөд явна. Тэгэхгүй бол зээл олгох эх үүсвэр орж ирэхгүй өрөндөө шууд суутгагдаад явчих эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Мөн дээрээс нь гэрээний дагуу алданги төлнө” гэсэн юм.