НИТХ: С.АМАРСАЙХАН 25 ТӨЛӨӨЛӨГЧ БУЮУ ОЛОНХИЙН САНАЛААР ХОТЫН ДАРГААР СОНГОГДЛОО

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хотын даргыг тодруулах тов тогтоосон. Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИХТ С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшсэн юм. Гэвч өнөөдрийн хуралдааны үеэр хотын даргыг тодруулах тооллогын комиссыг байгуулах гэж багагүй шуугиан болсон бөгөөд НИТХ дахь МАН, АН-ын бүлэг хэд хэдэн удаа завсарлага авсан. Улмаар тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр нь Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүн сонгогдсон юм.

Тэгвэл хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн олонхи буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргаар сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд  25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.

С.Амарсайханы тухайд 2017  оны аравдугаар сараас эхлэн НИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс хотын даргад дэвшүүлснээр ийнхүү хотын даргаар сонгогдлоо. Харин одоо НИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэр болох хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад танилцуулах ба Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн заалттай юм. Мөн тэрбээр өмнө нь хотын даргын сунгаанд нэр дэвшсэн ч С.Мөнхчулуунд ялагдаж байсан юм. 

Хотын дарга С.АМАРСАЙХАНы товч намтар 

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

  • 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
  • 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
  • 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. 
  • 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.