Ө.Дүүрэнбаяр Дюссельдорфын Гранд Сламаас хүрэл медаль хүртлээ

"Дюсельдорф-2019" олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь"Их дуулга" тэмцээн өндөрлөж, Монгол Улс 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар нийт 93 орноос 10 дугаар байр эзэллээ. Тэмцээнийг япончууд  9 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлсэн бол Бразил, Азербайжаны багууд медалийнхаа чанараар эхний гурав бичигдлээ. Урд шөнө тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдахад Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ. Ө.Дүүрэнбаяр энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваанд Австрийн Даниэль Аллерсторферыг 2:30 минутад цэвэр ялжээ. Тэрбээр эхлээд сууж үүрэх мэхээр вазари үнэлгээ авсан бөгөөд этэх мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Бразилийн Жонас Иносенсиог 1:35 минутад өчиж цэвэр ялжээ. Харин “А” хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Японы Хисаёши Харасавад ялагдсан ч дагас барилдаанд эзэн орны Йоханнес Фрайг 2:46 минутад цэвэр, хүрэл медалийн төлөө Японы Юүсэй Огаваг торгуулиар ялснаар “Их дуулга” ангиллаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Ө.Дүүрэнбаярын Дюссельдорфт хийсэн барилдаанууд