НИТХ: Ирэх мягмар гарагт Хотын даргын сунгаа болно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаараа нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдөр буюу ирэх мягмар гарагт хуралдуулахаар товлосон билээ. Ингэснээр энэ долоо хоногтоо хотын дарга хэн болох вэ гэдэг нь тодорхой болох нь.  

Уг нь өмнө нь хуралдсан НИТХ-ны үеэр С.Мөнхчулуун бие даан заалнаас нэр дэвшиж, олонхийн дэмжлэг авсан. Гэвч түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан юм. Иймээс холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулан хотын даргын асуудлыг шийдэх үүрэг хүлээж буй. Энэ дагуу дээрх хурал товлогдож буй юм. 

Дашрамд мэдээлэхэд, өмнөх сунгаанд заалнаас нэр дэвшин ялалт байгуулсан С.Мөнхчулуун ирэх мягмар гарагт хуралдах хуралдаанаар даагаа нэхнэ гэдгээ албан ёсоор зарласан. Хэдийгээр МАН-ын Хяналтын хорооныхон түүнийг дахин нэр дэвших боломжгүй гэсэн ч тэрбээр үүнийг няцааж байгаа. Иймээс түүнтэй хэн нэр дэвших вэ гэдэг нь олны анхаарал татаж буй юм. Учир нь, өмнөх сунгаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдсөн ч ялагдсан. Түүний энэ ялагдал олон хүнийг гайхшруулсан гэхэд болно. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн МАН-ын хороо түүнийг дэмжиж байсан гэх мэдээлэл бий бөгөөд тэрбээр нэг ёсондоо удирдлагуудынхаа итгэлийг алдсан. Иймээс энэ удаад С.Амарсайханы оронд одоо хотын даргыг түр орлож байгаа Ж.Батбаясгалан нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байна.