Л.Сосорбарам үзүүрлэж, Д.Сумъяа, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ

“Дюсселдорф-2019” олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай улс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, нийт 97 улсаас медалийн чанараараа дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэмцээний эхний өдөр таван жингийн дөрөвт нь япончууд давамгайлсан бол нэг  алтан медалийг Косовогийн домогт жүдоч Малинда Келменди хүртлээ. Тэрбээр -52 кг-ын жинд манай залуучуудын олимпийн мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарамыг торгуулиар ялж, Гранд Слам ангилалд тав дахь түрүүгээ хүртжээ. Харин манай залуу од Л.Сосорбарамыг IJF-ийн дэлхийн цуврал тэмцээний медалийн салхиа “Их дуулга” ангилалд хагалж байгаад баяртай байна гэж Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтад мэдээллээ. Энэ жинд хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Японы Кишима Маеда, олимпийн мөнгөн медальт Италийн Одетта Жиуфридда нар хүртсэн байна.


Мөн тэмцээний эхний өдөр хүч үзсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Империал гоулд майнинг” компани, “Хилчин” спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хагас шигшээд мөнхийн өрсөлдөгч Бразилийн Рафаэла Сильвад ялагдсан ч хүрэл медаль хүртэж чадлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Австрийн Обервартад түрүүлсэн Польшийн Анна Боровскатай барилдан цагийн төгсгөлд боох мэхээр цэвэр ялжээ. Ингэснээр Д.Сумъяа IJF-ийн дэлхийн цувралаас 6 дахь хүрэл медалиа зүүсэн байна. Түүний жинд өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Цүкаса Ёшида түрүүлж, олимпийн аварга Бразилийн Рафаэла Сильва мөнгөн медаль хүртжээ.

Харин -66 кг-д зодоглосон “Осака-2018” Их дуулгын хүрэл, Гаагын Гран Пригийн аварга ОУХМ Ёндонпэрэнлэйгийн Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөө өмнө нь нэг ялж, нэг ялагдаад байсан ОХУ-ын Якуб Шамиловт нэмэлт цагт ялагдаад байсан бол торгуулийн тойрогт Казахстаны Ессщт Куановыг нэмэлт цагт вазаригаар буулгаж авсан. Улмаар хүрэл медалийн төлөө энэ оны Парисын бага дэлхийн аваргад түрүүлээд байсан Молдавын Денис Вьерүг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Их дуулга ангиллаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.