Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 тамирчин Дюссельдорфт өрсөлдөнө

Олон Улсын жүдо бөхийн холбооны 2019 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн Германы Дюссельдорф хотноо энэ сарын 22-23-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь нэр хүндээрээ Парисын “Гранд Слам”-тай эн зэрэгцээд байгаа бөгөөд 97 орны эрэгтэй 404, эмэгтэй 279, нийт 683 жүдоч хуран чуулахаар мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд манай улс 18 тамирчнаа сойж байгаад бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын удирдлагад хүч үзнэ. Нийт 150 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн жүдоч 5 мянган доллар хүртэхээс гадна дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 3 мянган доллар 700 оноо, хүрэл медаль 1500 доллароор дансаа зузаатгаж, 500 оноогоор чансаагаа ахиулна. Түүнчлэн тус тэмцээний 5-р байр 360 оноо, 7-р байр 260, 1/16-д шалгарвал 160, 1/32-д үлдвэл 120, нэг ялбал 100 оноо, оролцсон тохиолдолд 10 оноог чансаандаа нэмнэ. Манай тамирчдаас тус тэмцээнд -60  кг-д гавьяат тамирчин, дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, ОУХМ Батгэрэлийн Мягмардорж, -66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар хүч үзэх байсан ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ.

Дюссельдорфийн “Их дуулгад”-д өрсөлдөх тамирчид:

-48 кг:

Мөнхбатын Уранцэцэг /Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүч” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

Ганбаатарын Наранцэцэг /Архангай аймгийн Их тамир сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

-52кг:

Лхагвасүрэнгийн Сосорбарам /Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч/

Бишрэлтийн Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт/

-57кг:

Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/

-63кг:

Болдын Ганхайч /Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын 5 удаагийн аварга/

-70кг:

Баярбатын Баасанжаргал /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/

-78кг:

Шүрэнчимэгийн Сэржмядаг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин/

+78кг:

Эрдэнэбилэгийн Гандиймаа /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга/

-66кг:

Ёндонпэрэнлэйгийн Басхүү /Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/

-73кг:

Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальтай/

Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, “Женко” клуб, “МТ” группын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальтай /

-81кг

Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга/

-90кг:

Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга/

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал /Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга/

-100кг:

Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, Багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

+100кг:

Найдангийн Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин “Женко” клуб, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга/

Өлзийбаярынг Дүүрэнбаяр /Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай/