Г.Солтан яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа гэжээ

УИХ-ын 20 гаруй гишүүн албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан гэх дууианд холбогдоод байгаа. Эдгээрээс УИХ-ын дөрвөн гишүүнийг АТГ-т шалгаж буй юм. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ дөрвөн гишүүнээ авч үлдсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх дөрвөн гишүүний гурав нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан тогтоолтойгоо танилцахгүй байгаа аж. Ингэхдээ тэрбээр “Хөдөө ажилтай явна, удахгүй гадагшаа явна” хэмээн мөрдөн байцаах ажиллагаанд саад хийж буй ажээ. 

Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компани болох "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн хэрэгт холбогдоод байгаа юм.