Б.Ганхуяг:  IPO гаргах ажил эд дундаа явж байгаа энэ үед янз бүрийн сөрөг мэдээлэл гарахыг үгүйсгэхгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 21 асуудал хэлэлцэж байгаа. Тодруулбал, энэ оны тавдугаар сараас түүхий нүүрс хорьж, ирэх өвөл сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажил, "Тавантолгой"-н төмөр зам, автозамын бэлтгэл ажил, "Эрдэнэс Тавантолгойн" ХК-ийн талаар-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын төв цэвэрлэхийн шинэ барилга болон Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг зэргийг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл эдгээр асуудлаас олны анхаарлыг татаж буй чухал сэдэв нь "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой асуудал бөгөөд сэтгүүлчид тус компанийн захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай компанийн 30 хүртэлх хувийг гадна, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах ажлын хэсгийн явц ямар байна вэ? 

-Эд дундаа явж байна. Олон ажлын хэсэг байгуулсан. Тавантолгойн ордыг сонирхдог бизнес эрхлэгчид хамтарч ажиллах янз бүрийн санал тавьж байна. Бас өмнө нь өгч байсан саналуудыг судалж үзэж байна. Тавантолгойн ордыг 400 сая ам.доллараар зараад, "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө 33-хан хувийг авч үлдэх хүртэл хувилбартай хэлцлүүд хийж байсан. Харамсалтай нь, Монголд дандаа ашиггүй хэлэлцээрүүд хийж байсан. Одоо бидэнд ашиггүй хэлэлцээр хийх эрх байхгүй. Иймээс өмнө нь гаргасан алдаанууд, хэлэлцээрүүдийг судалж үзэж байна. Мөн бидэнд ирүүлж байгаа бүх саналыг нээлттэй хүлээн авч байгаа. Улмаар ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцоод Тавантолгойтой холбоотой ажлын хэсгийн байр суурийг илэрхийлээд явж байна. IPO гаргах ажил эд дундаа явж байгаа энэ үед янз бүрийн сөрөг мэдээлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Д.Сумъяабазар сайдаар ахлуулсан ажлын хэсэг алдаа гаргах эрх байхгүй. Тийм ч учраас бид дөрвөн үе шаттай зөвлөхүүдийг ажиллуулж байна. Дотоодын зөвлөхүүд бидний хийж байгаа ажилтай холбоотой хэлэлцээрт дүгнэлт гаргаад явж байна. Мөн гадаадын зөвлөхүүд олон улсад ямар эрсдэл байж болох вэ, Тавантолгойн ордын одоогийн ашгийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр зөвлөгөө өгөөд ажиллаж байна.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танай компани танилцуулга хийнэ. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?

-Гурван асуудал танилцуулна. Нэгдүгээрт, "Тавантолгой" түлш компанийн ажлын явцын талаар. Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон. Энэ хүрээнд ажлын явцын талаар мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудал байна. Энэ бол Тавантолгой Гашуунсхайт хүртэл төмөр замын ажлын үйл явц, цаашид хэрхэн санхүүжүүлэх талаар мэдээл хийнэ. Тавантолголгойн төмөр замын төслийг үргэлжлүүлэх санхүүжилтийн асуудалд манай компани өөрөө оролцоод, тухайн төсөлд хувь эзэмшээд хөрөнгө оруулалтыг тохироод яв гэдэг УИХ-ын тогтоол гарсан. Хуучин эргэж авах нөхцөлгүйгээр мөнгө өгдөг байсан бол одоо дандаа бизнесийн харилцаагаар явна. Ингээд "Эрдэнэс Тавантолгой"-н орлого төслүүдийн ашгаар нэмэгдээд явах зах, зээл бизнесийн зарчимд тохирсон тогтолцоо явж байна гэж ойлгож болно. Мөн ногдол ашигтай холбоотой асуудал мөн орно.

-Дотоодын зах зээлд хувьцаагаа гаргана гэж байсан?

-Олон улсын зах зээлд гаргасны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий болох гээд байгаа юм. Сая нэг хэсэг 1072 ширхэг хувьцааг худалдаж авна гээд ингэхдээ бүр 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авна гэх ташаа мэдээлэл гарсан. Энэ  худал болох нь батлагдсанаар  иргэд 100 мянган төгрөгөөр хүртэл зарах гээд явж байна. Тэгэхээр 1072 ширхэг хувьцааны үнийг унагаах эрх бидэнд байхгүй. Эхлээд олон улсын зах зээл дээр гаргаж хувьцааныхаа үнийг өндөр үнээр тогтоё. Түүний дараа 1072 ширхэг хувьцаа доод тал нь сая төгрөг түүнээс дээш болно. Сая төгрөгөөс доошоо орсон тохиолдолд төр өөрөө худалдаж авч байгаа.

-Ногдол ашиг хэзээ хуваарилах вэ?

-Аудит хийсэн тайлан гараагүй байгаа. Хоёрдугаар сарын 15-наар тасалбар болоод энэ тайлан гарах юм. Аудитын үндэсний газар, Татвар дээр эцэслэх юм. Тавантолгойн компани өөрийнхөө санхүүгийн тайланг гаргаад Аудитад хүргүүлсэн. Энэ хүрээнд мэдээллээ ТУЗ-дөө хүргүүлсэн. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил хаагдсанаас хойш тав хоногийн дотор хувьцаа ногдол ашиг олгох эсэхээ шийддэг. Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгохын тухайд энэ талаарх мэдээлэл тайлан дотор бий. Засгийн газар гол хувьцаа эзэмшигчийн хувьд үүнийг шийдвэрлэнэ.