С.Мөнхчулуун: Хотын даргад дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. Төлөөлөгчид намайг дэмжиж байгаа  

МАН-ын Хяналтын хорооны ээлжит хурлаар намын хоёр гишүүнийг хөөсөн. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун нарыг намаасаа хөөсөн. Ингэхдээ Няналтын хорооны дарга Д.Батбаатар "С.Мөнхчулуун хотын даргад өрсөлдөх боломжгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл намаасаа хөөгдөөд байгаа Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН-ын Хяналтын хорооноос гаргасан өчигдрийн шийдвэр шударга байсангүй, гишүүдээ ялгаварласан. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу би хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм билээ. Өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайхан заалнаас нэр дэвшиж, НИТХ-ын даргаар сонгогдож байсан. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар мөн намын бодлого сөрөөд сонгогдож байсан. Дээрээсээ дэмжлэггүй хүмүүсийг ингэж хавчиж болохгүй.  Намын удирдлагад энэ талаар өргөдөл гаргана" гэсэн юм. Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-Таныг МАН-аас хөөсөн учраас хотын даргад өрсөлдөх боломжгүй гэсэн. Тэгэхээр та хотын даргад өрсөлдөхгүй юү?

-Хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хувьд  дахин хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. Над руу төлөөлөгчид ярьж байгаа. Ингэж хавчиж гадуурхаж байгаа бол бид тэмцэнэ. Намаасаа гарахад бэлэн гэж. Тэд шударга үнэний төлөө явна гэж ярьж байна. Өчигдөр Ц.Сандуйг чөлөөлсөн байна лээ.  60 тэрбумын асуудал ярьсан бол цаг хугацаа нь өнгөрсөн байна. Өмнө нь яагаад яриагүй юм. Гэтэл Ц.Сандуйг намайг дэмжсэн гэж үзсэн гэсэн. Нууц санал хураалт болсон. Тэр хүнийг намайг дэмжсэнийг яаж мэдээд байгаа юм мэдэхгүй. 

-Та тэгвэл хотын даргад дахин өрсөлдөнө гэсэн үг үү?

-Ялагдсан нэр дэвшигч өрсөлдөнө гээд явж байхад ялсан учраас өрсөлдөнө өө.