МАН-ЫН УДИРДЛАГУУД С.МӨНХЧУЛУУН, Ц.САНДУЙ НАРЫГ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС  ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас нь түдгэлзүүлжээ. Ингэхдээ, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой асуудлаар намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзсэн бол С.Мөнхчулууны дүү нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн байна. 

Уг нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны тухайд саяхан болсон Хотын даргын сунгаанд заалнаас нэр дэвшиж олонхийн санал аваад байсан. Гэвч Ерөнхий сайд түүнийг түдгэлзүүлэх саналаа НИТХ-д хүргүүлэн юм. Тэгвэл өнөөдөр намын Хяналтын хороо хуралдаж, түүний хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, олон удаа хар тамхины хэрэгт холбогдсон учраас ийнхүү намын Хяналтын хороо шийдвэр гаргалаа. Гэвч С.Мөнхчулуун хотын даргын дараагийн сунгаанд оролцоно гэдгээ өнөөдөр хэвлэлийнхэнд хэлсэн. Ингэхдээ "Ялагдсан хүн нь дахин нэр дэвшиж байхад ялсан би яагаад болохгүй гэж" байсан юм. Тэгвэл МАН-ын удирдлагууд мөн л энэ асуудлыг авч хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Ингэхдээ дараагийн хотын даргын сунгаанд өмнө нь С.Мөнхчулуунд ялагдсан С.Амарсайхан бус харин одоо хотын даргын албыг түр орлон гүйцэтгэж буй Ж.Батбаясгаланг сойно гэсэн шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл байна. 

Дашрамд мэдээлэхэд МАН-ын Хяналтын хороо маргааш энэ талаар албан ёсны мэдээлэл хийх юм байна.