Н.Учрал: Төр иргэнийхээ мэдээллийг хадгалж хамгаалах гэж байгаа бол мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний өгүүлснээр Цахим бодлогын түр хорооноо дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ажээ. Үүнд, мэдээллийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийн тухай бичиг баримтыг боловсруулах, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох мөн төрийн цахим шилжилттэй холбоотой асуудлаар ажиллаж байгаа ажээ. Эдгээрээс гадна нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн гэсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн юм.

Тэрбээр хурлын үеэр төр иргэнийхээ мэдээллийг хадгалж хамгаалах гэж байгаа бол мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой гэсэн юм. Учир нь 2017 онд төрийн мэдээллийн сайт, төрийн сервер халдлагад өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Үндэсний дата төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тодруулахаар албан бичиг хүргүүлэхэд ТЕГ-аас мэдээлэл өгөөгүй. Харин Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тайлан ирүүлсэн. Үүнд 2017 оны гуравдугаар сард Казахстанд байрлалтай "Касперски лайв" компанийн Зүүн ази болон Монгол Улсыг хариуцсан захирал нь “Танай улсын төрийн халдлагад өртлөө” гэдэг мэдээллийг илгээсэн байна. Мэдээлэл ирсэн даруйд тодорхой мэдээлэл авах гэтэл төлбөр төл гэж. Манайхаас төлбөр төлөх боломжгүй гэж мэдэгдтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий гурван сайтаар “Монголын төрийн мэдээлэл алдагдсан” гэдэг мэдээ цацагдсан. Эдгээр сайт нь маш олон сая хандалттай албан ёсны сайтууд. 2014 онд манай улс цахим аюулгүй байдлаараа дэлхийд 14 жагсаж байсан бол энэ үзүүлэлт 103-т ортлоо хойшилсон. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжид сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн хувь хүний мэдээллийг төр ингэж хамгаалж байгаа нь өрсөөсгөл зүйл. Үндэсний дата төвд 240 сая төгрөгийг жил бүр төсөв бүрдүүл гэсэн шаардлага төрөөс тавьдаг. Энэ мөнгийг Үндэсний дата төв олохын тулд хувийн компаниудын мэдээллийг төлбөртэйгээр хадгалдаг. Хамгийн сүүлд Австралийн компани мөнгөө төлөөд серверээ байршуулсан байна. Гэтэл тэнд төрийн болон иргэдийн мэдээлэл хадгалдаг. Ингэж болохгүй. Ийм байдал удаан үргэлжлэвэл “Хур” систем ажиллах боломжгүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлнэ" гэсэн юм.

Түүнчлэн төрийн 27 байгууллагууд мэдээлэл солилцоно гэсэн атлаа Татвараас өөр газарт ажил хэрэг болоогүй. Гэтэл арилжааны банкууд санаачлагаараа хурууны хээ уншдаг болчихлоо. “Хур” системээр дамжуулаад тухайн иргэний бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Ашигт малтмал, НӨАТ-тэй холбоотой мэдээлэл нь “Хур” системд хадгалаастай байгаа. Энэ мэдээлэл алдагдвал яах вэ. Аж үйлдвэрийн хувьсгалд бэлэн үү гэсэн судалгааг 100 улсад явуулахад манай улс 99 дүгээрт жагссан. Тиймээс “Хур” системийг яаралтай зогсоож, бэлэн эсэхдээ дүн шижилгээ хийх хэрэгтэй. УИХ-ын тогтоолыг боловсруулах ёстой. УИХ-ын дарга ч өөрөө үүнийг хэлсэн. 230 сая ам.доллаын зарцуулчихаад төрийн байгууллага цахим хэлбэрт ямархуу байдалтай шилжсэн бэ гэдгийг тодруулна” гэсэн юм. Мөн “Харилцаа холбооны салбараас төрийн халамж холдсон. Төрийн байгууллагууд цөмөөрөө мэдээлэл технологийн албатай. Бүгдээрээ нэг нэг компанитай гэрээ байгуулах замаар хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаж, лицензтэй, лицензгүй программ авчихдаг. Энэ нь хөрвөж чаддаггүй. Хамгийн гол нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос санал авахгүйгээр ийм шийдвэр гаргадаг нь ийм эрсдэл үүсгэж байна. Цаашдаа төрөөс цахим шилжилт хийхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Эхний байдлаар Үндэсний дата төвд 240 сая төгрөгийн дарамт өгдөг явдлыг болиулах ёстой. Чуулган эхлэхээр Засгийн газраас чиглэл өгөх байх. Тагнуулын байгууллагын тухайд өмнө нь Үндэсний дата төвийн орлогч даргыг Тагнуулын ерөнхий газрын дарга томилдог байсан. Одоо бол орлогч дарга нарыг цөөлснөөс болж энэ албан тушаал байхгүй болсон. Энэ утгаараа тагнуултай хамтарч ажиллах хүндрэлтэй байгаа юм билээ. Хүссэн хүсээгүй тагнуултай ойр байх ёстой учраас энэ тал дээр анхаарал хандуулна” гэсэн юм.