Бүсгүйчүүд Обервартад багаараа тэргүүллээ

Монголын жүдо бөхийн холбоон Үндэсний шигшээ багийн тамирчид Европын цуврал тэмцээнд өрсөлдөж байна. Италийн нийслэл Ромд эрэгтэй Европын нээлттэй тэмцээн болж байгаа бол Австрийн Обервартад бүсгүйчүүд ур чадвараа сорин өрсөлдлөө. Урд шөнө Обервартад 35 орны 179 жүдоч өрсөлдөхөд манай улс 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж, эзэн орон Австрийн хамт багийн дүнгээр тэргүүлсэн байна. Тэмцээний -48 кг-ын жинд Архангай аймгийн Их тамир сумын харьяат, "Женко" клуб, "Алдар" спорт хороо, "Түмэн шувуут" компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ.

Парисын "Их дуулга"-д тавдугаар байр эзлээд байсан Г.Наранцэцэг энэ удаад Их Британы Келли Стаддоныг 3:10 минутад цэвэр, дараа нь Польшийн Эва Коньежниг 2:15 минутад цэвэр, хагас шигшээд ОХУ-ын Дария Пичкалеваг 32 секундэд цэвэр, аваргын төлөө БНХАУ-ын Яао Шионыг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртэн чансаагаа 100 оноогоор ахиулахаар боллоо. Түүнтэй хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч алтан медаль хүртлээ. 

Тэрбээр эхлээд эзэн орны Тина Зелтнерийг вазари үнэлгээгээр, дараа нь Польшийн Анжелика Зиманскаг нэмэлт цагт вазаригаар, хагас шигшээд Бразилийн Кетлин Куадросыг вазаригаар ялжээ. Улмаар аваргын төлөө Австрийн Магдалена Крассаковаг 1:57 минутад цэвэр ялж төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Мөн -52 кг-д хүүхдийн олимпийн мөнгөн медальт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртсэн.

Л.Сосорбарам эхлээд Италийн Мартина Кастагнолаг 2:52 минутал гарт нь өчиж цэвэр, София Хогрефе-Ачиаг вазаригаар, хагас шигшээд Тайландын Качакорн Варасихаг нэмэлт цагт цэвэр ялжээ. Гэвч аваргын төлөө өсвөр үеийн дэлхийн аварга Риёко Такедаг цэвэр ялагдсан байна. Ингэснээр манай улс тэмцээнд оролцсон 35 орныг Австрийн хамт 2 алт, 1 мөнгөн медаль, 1 тавдугаар байрын амжилттай тэргүүллээ. Обервартаас нийт 9 орон медаль хүртсэн байна. 

Харин Италийн Ром хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээний эхний өдөр манай гурван бөх барилдахад 2019 оны улсын аварга Э.Ариунболд тавдугаар байр эзэллээ. Түүнчлэн ОУХМ Б.Батболд -73 кг-д шөвгийн 16-гаас, Н.Мөнхбаяр -66 кг-д эхний тойргоос өрсөлдөөнийг орхисон байна. Өнөөдөр тус тэмцээний хүнд жингийн барилдаанууд болно. Тэмцээнийг доорх линкээр Улаанбаатарын цагаар 17:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ.