ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл  үргэлжлэх юм.

Түүнчлэн энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж.  Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоожээ. Тодруулбал, энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас тогтоожээ. Уг шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Хэрэв дээрх өдөр зохион байгуулсан шалгалтад 400-гаас доош оноо авбал хоёр дахь удаагаа зохион байгуулах Монгол хэл бичгийн шалгалтыг дахин өгөх боломжтой. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтад орж чадаагүй нь хоёр дахь удаагаа буюу дөрөвдүгээр сарын 20-нд товлогдох энэхүү шалгалтыг өгч болно.

Хэрвээ хоёрдахь удаагаа Монгол хэл, бичгийн шалгалт өгөөд босго оноог авч чадаагүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй, дараа жилийг хүлээх хэрэгтэй юм байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй бол энэ жилийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай аж. Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Бусад хичээл тус бүр нь 5,800 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн бай батламж хуудас нь 700 төгрөг. Монгол хэл, бичгийн шалгалт нь заавал хамрагдах шалгалт юм байна.

ЭЕШ-ын бүргэл эхэлсэнтэй холбогдож, Боловсролын үнэлгээний төвөөс сургуулиудад очиж, 12 дугаар ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас хүссэн цаг хугацаандаа хаанаас ч бүртгүүлэх боломжтой. Мөн мэргэжил сонголтоо зөв хийх. Учир нь өгөх шалгалтуудаа баталгаажуулсан тохиолдолд солих боломжгүй. Тиймээс мэргэжлээ зөв сонгохын тулд эцэг, эх, багштайгаа зөвлөлдөх, түүнийхээ дагуу шалгалтаа сонгон бүртгүүлэх ёстойг тэд зөвлөлөө. Нийтдээ 10 хичээлээс сонголт хийнэ. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх ёстой бол дээд тал нь 10 хичээлээр ч шалгалт өгөх бололцоотой аж.