Ц.Цогтбаатар бага дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Олон улсынн жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны эхний “Их дуулга” тэмцээн Францын Парис хотноо эхэллээ. Энэ оны жүдо бөхийн өнгийг тодорхойлох тус тэмцээнд манай улс 21 тамирчнаа илгээсэн. Тэмцээнд нийт 97 орны эрэгтэй 336, эмэгтэй 236 нийт 572 жүдоч ур чадвараа сорин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний хөнгөн эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж манай улс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Эдгээр медалийг “Империал гоулд майнинг” компаний тамирчин Дашдаваагийн Амартүвшин, Цэнд-Очирын Цогтбаатар нар хүртсэн байна. Д.Амартүвшин гавьяат эхлээд Алжирын Салим Рабахиг вазаригаар, дараа нь эзэн орны Жолан Флоримонтыг 3:24 минутад торгуулиар, хэсгийн аваргын төлөө Израйлын Даниэль Бен Давидыг 2:46 минутад торгуулиар ялсан байна. Харамсалтай нь хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовд цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Улмаар хүрэл медалийн төлөө Недерландын Торнике Цжакадоег 3:50 минутад торгуулиар ялж, “Гранд Слам” ангилалаас 3 дахь хүрэл медалиа хүртлээ. Ингэснээр тэрбээр “Их дуулга” тэмцээний 1 түрүү, 2 мөнгө, 3  хүрэл медальтай боллоо.

Мөн урд шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар -73 кг-ын жинд эхний тойрогтоо Буркина-Пасогийн Лукас Диаллог цэвэр, хоёрын даваанд Молдавын Виктор Стерпуг нэмэлт цагт вазаригаар, гурвын даваанд Израйлын Тохар Бутбулыг 13 секундэд цэвэр, хэсгийн аваргын төлөө олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Лаша Шавдатуашвилиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Косовогийн Акил Гжаковог мөн нэмэлт цагт ялснаар аваргын төлөө хүч үзэхээр болсон байна. Аваргын төлөө тэрбээр ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Сойчи Хашимотод ялагдснаар Гранд Слам ангилалаас хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь -60 кг-д Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртээд байсан бөгөөд өнгөрсөн оны Парисын “Гранд Слам”-аас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа. Түүнээс гадна урд шөнө -48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, -52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар тавдугаар байр эзэллээ.

Ц.Цогтбаатарын барилдаанууд