М.Уранцэцэг тэргүүтэй 21 жүдочин Парист зодоглоно

Олон Улсын жүдо бөхийн холбооны 2019 оны эхний “Их дуулга тэмцээн” Францын нийслэл Парис хотноо энэ сарын 9-10-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ оны жүдо бөхийн өнгийг тодорхойлдог тус тэмцээнд 98 орны эрэгтэй 360, эмэгтэй 249, нийт 609 жүдоч хуран чуулахаар мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд манай улс 21 тамирчнаа сойж байгаад бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын удирдлагад хүч үзнэ. Нийт 150 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн жүдоч 5 мянган доллар хүртэхээс гадна дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 3 мянган доллар 700 оноо, хүрэл медаль 1500 доллароор дансаа зузаатгаж, 500 оноогоор чансаагаа ахиулна.

Түүнчлэн тус тэмцээний 5-р байр 360 оноо, 7-р байр 260, 1/16-д шалгарвал 160, 1/32-д үлдвэл 120, нэг ялбал 100 оноо, оролцсон тохиолдолд 10 оноог чансаандаа нэмнэ. Манай тамирчдаас ОУХМ Э.Ариунболд/-60кг/, Н.Мөнхбаяр/-66кг/, Б.Батболд/-73кг/, Э.Мөнхжаргал/-90кг/, Г.Наранцэцэг/-48кг/ нар энэ оны Монгол Улсын аварга болж, “Их дуулга” ангилалд анх удаагаа зодоглох бол Д.Цэрэнням/-100кг/, Б.Баасанжаргал/-70кг/, Ш.Сэржмядаг/-78кг/ нар мөн анх удаагаа Гранд Слам тэмцээнд зодоглохоор болсон. Тэмцээний суглааны үйл ажиллагаа өнөөдөр болох бөгөөд барилдаанууд маргааш Улаанбаатарын цагаар 14:00 цагт эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингүүдийн барилдаанаар эхэлнэ. Тэмцээний хэсгийн барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 

Парисын Их дуулгад-д өрсөлдөх тамирчид:

-48 кг:

  • Мөнхбатын Уранцэцэг /Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүч” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
  • Ганбаатарын Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

-52кг:

  • Лхагвасүрэнгийн Сосорбарам /Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч/

-57кг:

  • Лхагватогоогийн Энхрийлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

-63кг:

  • Болдын Ганхайч /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын 5 удаагийн аварга/

-70кг:

  • Баярбат Баасанжаргал /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/

-78кг:

  • Шүрэнчимэгийн Сэржмядаг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин/

+78кг:

  • Эрдэнэбилэгийн Гандиймаа /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга/

-60кг:

  • Дашдаваагийн Амартүвшин / Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальтай/
  • Энхтайваны Ариунболд /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин/

-66кг:

  • Ганболдын Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “МТ” группын тамирчин, Дэлхийн Мастеруудын аварга/
  • Нэргүйн Мөнхбаяр /Баянзүрх дүүрэг “Женко” клуб, /

-73кг:

  • Цэнд-Очирын Цогтбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальтай/
  • Булганы Батболд /Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, УАШТ-ий хошой мөнгөн медальтай/

-81кг:

  • Отгонбаатарын Ууганбаатар / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, Багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
  • Нямсүрэнгийн Дагвасүрэн / Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Багийн ДАШТ-ий хүрэл медальтай /

-90кг:

  • Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга/
  • Эрдэнэхүүгийн Мөнхжаргал /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга/

-100кг:

  • Дэлгэрийн Цэрэнням /Тагнуулын ерөнхий газрын Эрч спорт хорооны тамирчин/

+100кг:

  • Баттулгын Тэмүүлэн /Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин, Багийн ДАШТ-ий хүрэл медальтай/