Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийг төр соёрхох нь ээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээхээр болжээ. Төрийн дээд шагналыг сар шинийн өмнөхөн буюу битүүний өдөр Төрийн ордонд гардуулахаар болжээ.

Нэрт яруу найрагч П.Бадарч нь 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд ардын уран зохиолч цол тус тус хvртсэн юм.  Тэрбээр 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид” зэрэг яруу найргийн олон ном хэвлүүлсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат юм.