Автобусанд цахим картаараа зорчоогүй иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 24-нөөс эхлэн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд цахим картаар зорчиж байгаа эсэхэд хяналт тавьжээ. Энэхүү шалгалтаар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцож байгаа аж.

Одоогийн байдлаар зургаан чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчлийг илрүүлжээ.