“Голомт”-ын ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг саатуулжээ

УЕП асан Д.Дорлигжавыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингэхдээ түүнийг “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын мэдүүлгээр буюу дөрвөн сая ам.долларын авлигын хэргээр саатуулаад байгаа. Инэхдээ дээрх мөнгө “Голомт” банкаар дамжсан гэх бөгөөд үүнд тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нэр холбогдсон. Тэгвэл АТГ-аас өчигдөр /2019.01.21/ дуудаж байцаалт авчээ. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийж улмаар саатуулсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Юутай ч Д.Баясгалан 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Д.Дорлигжав болон түүний дүүтэй хамт хоригдчихоод байгаа Ч.Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийж байсан. Тухайн үед тэрбээр "…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байсан юм. 

Д.БАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

"Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан 1968 онд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.

ТИС-ийн геологи, инженерийн анги болон Голландын Маастрихтын Их сургуулийн бизнесийн удирдлагын анги төгссөн.

1993-1996 онд "Бодь" группын ТУЗ-ийн дарга

1996-2007 онд "Голомт" банкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

 “Голомт” банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаалаар 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.