Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин ирэх сард Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа дуулахаар болжээ. Тэрбээр ирэх сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.
Энхбатын Амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртэн байсан эрхэм юм.