Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Сүүлийн үед над руу дайрах гүтгэх нь хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрч байна. Аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж боддог. Энэ бүхэн хуулиар тогтоогдож ил тод болох байх. Улаанбаатар хотын удирдлагаар 5-6 жил ажиллахдаа намайг газар зарсан гэж ярьж байгаа. Үнэхээр үндэстэй гэж байгаа бол цагдаа, тагнуул, хууль хяналтынхан, Засгийн газар нь байна, шалгаж болно. Би тухайн үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдсан газруудыг олгож, олон ажлын байр бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан.
Одоо тэр жагсаад байгаа Л.Болд гишүүнд Бодь цамхгийг барих газрыг би өгсөн. Л.Болд гишүүн тэр газрыг юугаар авснаа хэл. Дараад хойшлуулаад байгаа асуудал надад огт байхгүй. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа. Зөв гэж бодож байгаа" гэжээ. Ингэснээр тэрбээр хотын даргаар ажиллаж байхдаа газар өгсөн гэх хүмүүсийнхээ нэгийг нийтэд зарлалаа. Өмнө нь тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Төрийн ордны ард мөн л газар өгсөн хэмээж байсан юм.