"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгажээ. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн байна.

Түүнчлэн 2016 оны нэгдүгээр улиралд Чалко компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны нэгдүгээр улиралд 59.33 ам.доллар, 2018 оны хоёрдугаар улиралд 61.0 ам.доллар, 2019 оны нэгдүгээр улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны ннэгдүгээр улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Мөн 2018 оны наймдугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорк стандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлсэн аж.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн болсон.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны тавдугаар сард байгуулагдсан "1072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өгчээ. 

2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар, ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгодог болсон аж. 

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгсөн. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах "Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллахаар болжээ.

Түүнчлэн энэ үеэр Б.Ганхуяг дарга цаашид хийж хэрэгжүүлэх томоохон ажлынхаа талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ    "Бид 2019 онд дэлхийн зах зээлд өрсөлдсөн, шинэ бизнесийг нээсэн хөгжлийн жил болгоно. Дэд бүтцийн төслүүдээ хөгжүүлж эхэлнэ. Гашуунсухайт төмөр замын зогссон ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Энэ ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа.  Мөн Гашуунсухайт автозамын паралел замын ажилд оролцож, ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.  Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бүрэн шинэчилж, барилгын ажлыг эхлүүлнэ. Ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ТЭЗҮ-г боловсруулаад дууссан. Тавантолгой Зүүнбаян төмөр замын төсөл дээр анхаарлаа хандуулж байгаа. Тавантолгойн цахилгаан станц, Ханги-Мандал зэрэг төслийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Эхний үед компанийн дотоод нөөцөөр санхүүжүүлнэ. Хоёрт, Засгийн газраас өгсөн үүргийн хүрээнд олон улсын зах зээлд хөрөнгө босгож, түүгээр санхүүжүүлнэ. Гуравт, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж санхүүжүүлнэ. Үүнээс гадна 2019 онд 1072 хувьцааг "амилуулна". Хувьцааг "амилуулах" санхүүгийн боломж бүрдсэн. Санхүү нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тасалбар болж, аудитын тайлан гарна. Уг тайлангаар нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэх нь тодорхой болно. Үүний дараа уг саналыг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэж Засгийн газарт өгнө. Түүний дараа дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох үеэр уг саналыг оруулна. Ингэснээр 1072 хувьцаа амилах нөхцөл бүрдэнэ" гэсэн юм. 

Мөн энэ үеэр 100 мянган хүнтэй суурьшлын бүс байгуулах эхлэлийг таввж парк шинэчлэл хийхээр болгосноо дуулгасан юм. Бас компани техник, тоног төхөөрөмжийн чадамжтай болж олборлолтоо өөрсдөө явуулдаг болно гэдгийг ч онцолж байлаа.