“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг Төр соёрхов

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

 

Төрийн соёрхол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргасан эрдэмтдэд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээв.

Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн соёрхол хүртээсэн эрдэмтэд:

Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл

Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн

Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл

Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд Төрийн соёрхол хүртээсний дараа баяр хүргэж үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

2018 оны Төрийн шагналыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.

Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтнээс бүтсэн баг 2009-2012 онуудад энэ бүтээлийг гаргахын төлөө хамтарч ажилласан байна. Энэ найман ботид монгол оронд хийгдсэн геологийн судалгааны дүнгүүдийг нэгтгэн, хөрш зэргэлдээ орнуудын геологийн судалгаатай харьцуулах, цаашид хийгдэх судалгааны ажлуудад чиг баримжаа өгөх зорилготой асар их баримт материалыг багцлан оруулсан нь практикийн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үнэлэн тодорхойлжээ.

Эрдэмтдийн багийн төлөөлөл болох:

Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл,

Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн

Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл

Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн шагналыг та бүхэнд хүртээлээ.

Эрдэмтэн судлаачид Та бүхний цаашдын үйлс бүтээл арвин байхыг ерөөгөөд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун дэлгэрэх болтугай.

Баярлалаа та бүхэнд” гэв.

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийн талаарх Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн гаргасан товч танилуулга:

I. “Стратиграфи”/Дархарга зүй/ (ШУ-ны доктор Ж.Бямба)

Тус улсын нутаг дэвсгэрт тархсан тунамал, вулканоген ба метаморф чулуулгийн тархалт, найрлага, нас, байрлал ба зузааныг анх удаа монгол хэл дээр тодорхойлов. Энэ боть нь Монголын геологийн бүх салбар шинжлэх ухааны үндэс суурь нь болж байгаа юм. 

II“Палеонтологи” (Эртний ургамал ба амьтан судлал)(Академич Р.Барсболд)

Монгол орны хэмжээнд судлагдсан эртний амьтан, ургамлын үлдвэрийн бичиглэл, ангилал, морфологи, тархалт, геологийн ач холбогдлыг тодорхойлсон анхны бүтээл болов. 

III. Интрүзив (магмын түрмэл) чулуулаг (Профессор О.Гэрэл)

Тус улсын нутагт судлагдсан магмын гаралтай түрмэл чулуулгийн тархалт, найрлага, нас, үүссэн орчин, металогенийн төрөлжилтийг нэгтгэж дүгнэв. 

IV. “Литосферийн плитийн тектоник” (Чулуун мандалын хавтангийн тектоник) (ШУ-ны доктор Ж.Бямба)

Монголын нутаг дэвсгэрийн чулуун мандлын бүтэц тэдгээрийг үүсгэж буй атираат мужууд, тэдгээрийн үүссэн хөгжлийн түүх, аливаа ашигт малтмал үүсэж болох орчинг геологийн шинжлэх ухааны шинэ үзэл баримтлалын үүднээс анх удаа авч үзсэн.

V.“Шатах ашигт малтмал” (ШУ-ны доктор Дэ.Бат-Эрдэнэ)

Тус улсын нутаг дэвсгэрт нээгдэж судлагдсан бүх нүүрс, газрын тос, шатах занар, битүмийн орд, илрэл, савуудын тархалт, тогтоц, бүтэц, хэтийн төлөв, чанар, нөөцийг үнэлсэн анхны бүтээл юм.

VI.“Метал ашигт малтмал” (профессор Ж.Лхамсүрэн)

Монгол орны нутаг дэвсгэрт судлагдсан зэс, цайр, молибден, алт, мөнгө, төмөр, мангаан, хром, вольфрам, хар тугалга цайр, цагаан тугалга, хөнгөн цагаан, уран болон ховор метал ба ховор шороон элементийн ордын зэрэг одоогоор мэдэгдэж байгаа болон олборлогдож, олборлогдохоор бэлтгэгдэж байгаа ордууд, хэтийн төлөв бүхий илрэлийн нөөц агуулга зэрэг тодорхойлолтыг өгөв. 

VII. Метал бус ашигт малтмал (магистр С.Алтангэрэл)

Элс, хайрга, шавар, барилгын чулуу, шохойн чулуу, бал чулуу, фосфорит, давс, хүхэр, шүү, гөлтгөнө, эрдсийн будаг, цеолит перлит, бентонит, каолин зэрэг химийн, барилгын ба техникийн түүхий эд болон гоёл чимэглэлийн болон өнгөт эрдэнийн чулууны орд, илрэлийн байрлал, геологийн тогтоц, чанар, нөөцийг анх удаа нэгтгэв. 

VIII. Гидрогеологи (ШУ-ны доктор Н.Жадамбаа)

Монгол орны газрын доорх ба гадаргуугийн усны бүх орд, илрэлийг савуудаар нь анх удаа ангилан жилийн балансыг гарган цаашид хэрхэн ашиглах боломжийг үнэлэхийн хамт, ашигт малтмалын ордуудын гидрогеологийн нөхцлийг тодорхойлсон болно. Мөн Монголын рашааны бүх ордуудын онцлогийг авч үзсэн.

Цуврал бүтээлийн ач холбогдол

Эдгээр бүтээл нь хамгийн түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм.

Энэ бүтээлүүд нь геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын өргөн олон геологчдийн эрэлт хэрэгцээг ямар нэгэн хэмжээгээр хангахад чиглэгдсэн.

Их, дээд сургууль ба коллежид геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэл дээр бичигдсэн сурах бичиг ховорхон байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна.

Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм.

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть цуврал бүтээлийг туурвихад ШУА-ийн Геологи-эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, МУИС, ШУТИС болон хувийн компанид ажиллаж байгаа, чөлөөнд гарсан нийт 50 орчим эрдэмтэн геологчид идэвхтэй оролцсон юм.