М.Нандинцэцэг “Бөртэ чоно 2018”-ын оргил шагналыг хүртлээ

Өнгөрөгч 2018.12.21-ний баасан гаригийн үдэш Соёлын төв өргөөнд NOC буюу Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” ёслолын арга хэмжээ болж 2018 оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн “Бөртэ Чоно-2018”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Энэтхэгийн Шинэ Дэли хотноо зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг тодорлоо. 

Мөн энэхүү ёслолоор тухайн оны “Шилдэг тамирчин”, “Шилдэг дасгалжуулагч”,  "Шилдэг баг", "Шилдэг тамирчин", "Шилдэг спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга", "Шилдэг спорт холбоод"-ыг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд манай тамирчид тивийн наадам, ДАШТ-үүд болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон. Тэднийг Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулахад дараах үр дүн гарчээ.

Эрэгтэй тамирчдаас “Жакарта-Палембан-2018” Азийн 18 дугаар наадмын алтан медальт ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар /бокс/ санал асуулгаар гуравдугаарт бичигдсэн бол ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /жүдо бөх/ хоёрдугаарт бичигдэж, 2018 оны “Шилдэг эрэгтэй тамирчин” болсон байна. Улмаар 2018 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар "Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл, "World Masters-2018" тэмцээний мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /жүдо бөх/ тодорлоо.

Харин эмэгтэй тамирчдын гуравдугаарт “Жакарта-Палембан-2018” Азийн 18 дугаар наадмын алт, хүрэл медальт урт бууны ОУХМ Ганхуягийн Нандинзаяа бичигдсэн бол хоёрдугаарт Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа чөлөөт бөхийн ДАШТ-ээс дөрөв дэх медалиа буюу мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 2018 оны “‪Шилдэг эмэгтэй тамирчин” шагналын эзэд боллоо. Тэднийг "Шинэ Дэли--2018" ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүлж, "Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин"-аар тодорсон төдийгүй, "Бөртэ чоно-2018" шилжин явах цомын эзнээр мөн тодорчээ.

Харин 2018 оны “Шилдэг баг”-аар Монголын мөсний хоккейн шигшээ баг “Азийн цомын тэмцээн-2018” /Asian challenge cup-2018/-д түрүүлж алтан медаль, аваргын цомын эзэд болсон амжилтаараа магнайлав.

Энэ оны “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар Хасу мегастарс клубийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан /чөлөөт бөх/ нар тодорсон бол Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир/Улаанбаатарын Унагнууд болон футзалын шигшээ баг/, А.Мэргэн/ хоккей/ нар “Шилдэг дасгалжуулагч”-аар тус тус тодорсон.

Мөн Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан “Спорт холбоодын Шилдэг  Ерөнхийлөгч”-өөр, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан  “Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга”-аар “Бөртэ чоно” шагналын эзэн болсон юм.

Харин шилдэг клубээр хөлбөмбөгийн "Эрчим" клуб тодорсон бол шилдэг спортын сэтгүүлчээр ETV HD телевизийн сэтгүүлч С.Шижирбат, шилдэг шүүгчээр жүдо бөхийн олон улсын шүүгч Т.Энхцэцэг, шилдэгзалуу тамирчнаар "Буэнос-Айрос-2018"  залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам нар тодорсон байна.

Мөн спорт холбоодуудаас дараах холбоод шилдгээр нэрлэгджээ.

Шилдэг менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Шилдэг бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Шилдэг Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Шилдэг Олимпийн төрлийн холбоо: Гимнастик болон жүдо бөхийн холбоо