Монголын үндэсний бөхийн холбооныхон эв зүйгээ олж Бөхийн өргөөг нээхээр болжээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар өнөөдөр  уулзаж, зөвшилцөлд хүрсэн тухайгаа өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан түгээжээ. Уулзалтын хүрээнд Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран ажиллахаар болсон бөгөөд Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулах асуудал дээр санал нэгджээ. Энэ тухай Х.Баянмөнх аварга хэлэхдээ “Бөхийн өргөөг нээж барилдаанаа хийе. Бид эвлэрээд санал нэгдэж чадлаа. Надад сайхан байна. Өнөө орой тамирчдын баяр дээрээ сайхан мэдээтэй уулзмаар байна” гэсэн байна.

Хоёр талын уулзалтад дархан аварга Х.Баянмөнх, холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарын төлөөлөл оролцсон байна.