Э.Анхбаяр: Монгол дуугаар Б.Шарав багшийн  “Монголын тал нутаг”-ийг сонгож дууллаа

Оросын суут хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр уралдааны хоёр төрөлд хоёуланд нь тэргүүн байр эзлээд байгаа юм. Дуучинтай өдөр холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн ч, Санкт-Петербургийн Мариинский театрт маргааш үдэш болох шагналтнуудын гала концертод бэлтгээд завгүй байсан юм. Дөнгөж сая ярилцлаа.

 

-Баяр хүргэе, Анхбаяр аа. Уралдааны хоёр төрлийн талаар тайлбарлаж өгөөч.

-Оперный хэсэг гэдэгт зөвхөн дуурийн ари дуулж өрсөлдсөн. Харин нөгөө хэсгийг камерный гэдэг бөгөөд тэнд романс болон ардын дуу, мөн үндэснийхээ хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах хэсэг юм. Энэ удаагийн уралдааны оперный хэсэгт 200, харин камерный хэсэгт 70 дуучин өрсөлдлөө. Уралдаан 13-19-нд болсон.

-Хоёр төрөлд хоёуланд нь нэгдүгээр байр эзэлжээ. Бахархаж байна.

-Баярлалаа. Н.А.Римский-Корсаковын бүтээл сайн дуулсны төлөөх тусгай шагнал бас авлаа.  

-Тийм үү, дахин баяр хүргэе. Ер нь хамаг шагналыг нь түүчихсэн юм биш үү?

-Манай дуучин Монголхүү ардын дуу сайн дуулсан гэсэн үзүүлэлтээр тусгай шагнал хүртлээ

-Манай улсаас хэдэн дуучин оролцсон юм бэ?

-Дөрвүүлээ.

-Хэн, хэн?

-Монголхүү, Дэлгэрбаяр, Уранзолбоо бид дөрөв.

-Нөгөө хоёр дуучин маань сайхан өрсөлдөөд л гараад ирэв үү?

-Тэглээ.

-Та ардын ямар дуу дуулав?

-Б.Шарав багшийн “Монголын тал нутаг”-йг дууллаа. Монголхүү маань “Хайрхан уулын бараа”-г дуулаад тусгай шагнал авлаа. Ер нь монгол дууг маш сайн хүлээж авч байна. Сонсголонтой, гоё дуунууд гэж байна лээ.

-Маргааш үдэш Мариинский театрт шагналтнуудын гала концерттой юм байна. Ямар бүтээл дуулах вэ?

-Хөгжмийн зохиолч У.Жиоардано, “Андре Шине” дуурийн Жерардын ари дуулна. Шагналтан бүр нэг л дуу дуулах юм.

-Анхбаяр, Австрийн театрт ажиллаж байгаа гэв үү?

-Тийм ээ. Вена хотод байдаг “Opera burg gars” театрт өнгөрсөн зунаас ажиллаж байна.

-Жүжигт тоглож амжив уу?

-Ганцхан “Тоска”-д л дуулаад байна. Одоо “Травиата”-гийн Марчелод дуулахаар бэлтгэж байна.

-Ганцхан “Тоска”-д дууллаа гээд чамлаад байгаа юм уу даа?

-Үгүй ээ, яалаа гэж. Маш их хөдөлмөрийн дүнд дүр бүтээсэн.

-Уран бүтээлийн ойрын ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

-Гадаадын театруудад гэрээгээр тоглож, дуулах юм. Ирэх нэгдүгээр сард Испанид “Богема”-д тоглож, дөрөвдүгээр сард Польшид концертод оролцоно. Харин тавдугаар сард Финландад “Травиата”-д дуулна. Олон улсын дуурийн дуулаачдын хамгийн томоохон уралдаануудын нэг “Francisco vinas” гээд уралдаанд өрсөлдөхөөр шалгараад байна. Шинэ оны нэгдүгээр сарын 10-15-нд жүжигт тоглочихоод, 25-наас уралдааны ажилтай. Одоогоор ийм байна.

-Мэргэжлийн багш Ардын жүжигчин Б.Жавзандуламдаа амжилтынхаа тухай дуулгав уу?

-Амжаагүй л байна. Багш Фэйсбүүкгүй. Гэхдээ одоо мэдсэн байж магадгүй ээ. Өнөөдөржин бэлтгэлтэй байгаад сая л чөлөөтэй болж байна.

-Маргааш үдэш болох гала концертын удирдаачаар хэн ажиллах вэ?

-Маэстро В.Гергиев.

-Байсхийгээд амжилт гаргасан монгол баритонуудтай ажилладаг болох нь ээ.

-Одоогоор сэтгэгдлийг нь сонсож амжаагүй л байна.

-Энэ уралдаанд манай улсаас өмнө нь дуучид өрсөлдөж байв уу?

-Гарааг нь П.Ганбат агсан сайхан тавьсан. Хоёрдугаар байр эзэлж байсан юм билээ. Мөн манай Ч.Бадрал түрүү жилийн уралдаанд II байр эзэлсэн.

-Тэгвэл монголчууд шинэ хүмүүс биш бөгөөд хүчтэй өрсөлдөгчид юм байна л даа.

-Ер нь тийм гэж хэлж болох байх аа.

-Сайхан мэдээ дуулгасанд баярлалаа. Нээрэн, гэр бүлээрээ Венад амьдарч байна уу?

-Үгүй ээ, гэргий хүүхэд Монголдоо байгаа. Би нааш, цааш ажил ихтэй болохоор хэсэгтээ эх орондоо байсан нь дээр байх. 

Сэтгүүлч Р.ОЮУНЖАРГАЛ