Ц.Энхбаяр: Энэ бол үнэндээ Монголын шагнал юм

Хот байгуулалт, мэдээлэл, судалгааны төвийн тэргүүн, “Ачит-Ихт” компанийн үйл ажиллагаа хариуцсан бөгөөд үйлдвэр эрхэлсэн захирал Ц.Энхбаярыг ярилцлагад урьсан юм. Тэрбээр өнгөрсөн сард Нидерланд улсын Роттердам хотод болсон “Urban professional award 2018” ёслолын үеэр энэ оны “Хотын хөгжлийг тодорхойлогч шилдэг манлайлагч” олон улсын шагнал хүртсэн билээ. Эрдэнэтэд зэс экспортлогч компани удирдаж ажилладаг түүнийг нийслэлд ажлаар ирэхэд нь “барьж авав”. Монголын ипотекийн корпорацын захирлаар ажиллаж байхад нь хэдэнтээ “байцааж” байлаа. Сүүлийн үед олдохоо байсан тэрбээр орон сууцны бодлого, эрх зүйн орчин, санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд 1990-ээд оноос ажилласан нэгэн. Эдүгээ ул уурхайн салбарт урилгаар ажиллаж байгаа юм байна.

 

-Олон улсын нэр хүндтэй шагнал авсан даруйд нь уулзах гэтэл та завгүй байлаа. Нийслэлд ямар ажлаар ирэв?

-Ажил хэргийн олон уулзалттай. Монголын барилгын үндэсний ассоциациас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлье гэхээр нь тусгайлан зорьж ирлээ.

-Та шагналынхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Нидерландын вант улсын Роттердам хотод байдаг Ирасмусын их сургуулийн дэргэд 60 жилийн түүхтэй Орон сууц, хот байгуулалтын хүрээлэн буюу институт байдаг. Дэлхийн олон оронд орон сууц, хот байгуулалтын чиглэлээр зөв туршлага нэвтрүүлэх, боловсролын сайн орчинд сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр ажилладаг дэлхийд нэр хүндтэй сургалтын байгууллага. Эднийх дөрөв дэх удаагаа хот байгуулалтын шилдэг мэргэжилтэн шалгаруулсан юм. Журам нь хот байгуулалтын чиглэлийн дэлхийд танигдсан мэргэжилтнүүдийг нэр дэвшүүлдэг юм байна. Миний нэрийг, манай сургуулийн захирал байсан хүн санал болгож, дэвшүүлжээ. Би 1999 онд тус сургуульд орон сууцны чиглэлээр суралцсан юм. Захирлын нэр Эмиль Вегилен. Нэр дэвшсэн гэдгээ мэдэж байсан ч, шагнал авна гэж бодоогүй. Шалгаруулалт хоёр номинацтай. Миний нэр дэвшсэн хэсэгт шүүгчдийн шүүлтүүр давсан Монгол, Уганда, Египет, Зимбабве, Украин гэсэн таван улсын нэр дэвшигч тунасан байлаа. Гэтэл тэр тав дундаас хамгийн том шагналыг Монголд олгодог юм байна. Дараагийн томоохон шагналыг Украинд өгсөн. Ц.Энхбаяр гэж нэр дуудаж олгосон шагнал үнэндээ Монгол Улсын шагнал байсан. Хөгжиж буй улсыг минь тоосон, илүү ихийг хийгээсэй гэж хүсэн ерөөсөн, манай улсад их хүндэтгэл үзүүлсэн торгон мөч байсан. Энэ баярыг бусадтай хуваалцах боломж олгож байгаа танай сонины хамт олонд баярлаж байна.

Жаахан дэлгэрүүлье. “Азийн хотуудын санаачилга” хэмээх  Герман, Австрийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтарч Азийн жижиг болон том хотуудын хөгжлийг дэмжих байгууллага бий болгосон юм билээ. Ухаантай хүмүүс өөрсдийнхөө хот, сууринг хөгжүүлэхийн зэрэгцээ бусдыг бас хамт дэвжээх санаачилга гаргаж л дээ. Сүүлийн үед Ази тивд хотжилт идэвхтэй явагдаж байгаа учраас ийм байгууллагыг Азид бий болгож, дэд бүтцийг сайжруулах талд загварууд гарган, судалгааны дүнд үндэслэн жижиг хотуудад буцалтгүй тусламж үзүүлдэг болжээ. Энэ байгууллагын анхны захирлаар манай багш томилогдсон юм билээ. Багш ажлаар Монголд ирэхдээ хамтарч ажиллахын тулд хэн, хэнтэй уулзаж болохыг бусдаас асуухад намайг зааж өгсөн байсан. Ингэж олон жилийн дараа багштайгаа дахин уулзсанаас хойш холбоотой ажиллах болсон. Улаанбаатар хотын угсармал барилгуудыг эрчим хүчний хэмнэлтэй болгож, дулаалга сайжруулах судалгааны ажил, Дарханы цэвэрлэх байгууламж, усан хангамжийг сайжруулах төсөл зэрэгт хамтарч ажилласан болохоор мөн орон сууцны бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх, орон сууцны санхүүжилтийг хөгжүүлэх, гэр хорооллын иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр шавь нь Монголд юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болоод буцсан. Тэгээд нэр дэвшүүлжээ. Гуравхан сая хүнтэй, хот байгуулалтын урлаг өндөр түвшинд хөгжөөгүй ч гэсэн, ийм  нөхцөлд хэр, хэрхэн урагшилж явааг олж харсан нь гоё санагдсан.

-Шагнал авах үед Нидерландын хэвлэл мэдээллийнхэн хэр “шалгаав”?

-Телевиз, сониныхон сэтгэгдэл сонсож, ярилцлага авч байлаа. “Нидерландад сурсан тань хэрэг болсон уу” гэж асууж байсан. Миний нүд нээгдсэн юм чинь. Хэтрүүлбэл дахин төрсөн ч гэж хэлж болохоор. Социалист нийгэмд төрж, өсөөд, ЗХУ-д барилгын инженерийн мэргэжил эзэмшин, социалист бүтээн байгуулалтын үед ажиллаж байсан хүн тус сургуульд суралцсанаар аливааг харах өнцөг өөрчлөгдсөн гэдгийг хэлсэн. Мэргэжилтний хувьд олж авсан зүйлүүд минь энэ салбарын хөгжилд ялангуяа зах зээлийн тогтолцоонд хэрхэн зөв суурийг бий болгож хөгжүүлэх чиг баримжаа олж авсан гэсэн үг. Энэ бүхэн орон сууцны бодлого, эрх зүйн орчны баримт бичгүүдийг боловсруулах, байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, чадавхийг сайжруулахад чиглэгдсэнээс гадна орон сууцны санхүүжилтийн тогтолцооны суурийг зөв тавих, хөгжүүлэхэд илүү анхаарсан гэж болно.

-1999 онд Голландад суралцсанаас хойш Орон сууцны тухай хууль төрөх хүртэлх хугацаанд ажил, мэргэжлийн хувьд алхам тутамд дэвшил гарсан байх нь ээ?

-Төлөвлөлтөд оролцогч бүх талыг хамруулж байж илүү үр дүнтэй болно гэдгийг илүү ойлгосон. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол хотын хөгжлийн концепц юм. Үйл ажиллагааны чиглэсэн төлөвлөгөө гэдэг нь бодит зүйл бөгөөд энэ хоёр нэг нь дээрээс, нөгөө нь доороос урган гарч нийлэхээр бодит ажил болдог юм гэдгийг сургууль, багш нар надад ойлгуулсан. Энэ бол цоо шинэ мэдлэг байлаа. Аливаа ажлыг үр дүнтэй хийхэд зөвхөн эрх мэдэлтэй болон  мэргэжлийн төлөвлөгчдөөс гадна тухайн ажлын эцсийн үр дүнг хүртэгчид болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагаа маш чухал. Аль аль тал нь ашигтай, үр дүнтэй байх тийм харилцаан дээр суурилсан төлөвлөлт хамгийн үр дүнтэй байдаг юм гэдгийг ойлгосон. Тийм ч учраас бид Орон сууцны тухай хуульд үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар, үе шаттай хэрэгжүүлэх хувилбаруудыг тусгасан. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг би нэг их олж харахгүй л байгаа. Ер нь тухайн төлөвлөсөн зүйл хэчнээн зөв байсан ч, байвал зохих олон талыг оролцуулж чадаагүй бол үр дүн муутай байдаг. Тиймээс бүх юм нэгдэж байж явдаг.

- Та барилгын мэргэжилтэй гэсэн. Гэтэл яагаад төлөвлөлт, орон сууцны асуудал болоод явчихав?

-Яагаад ингэж яриад байгааг тайлбарлахын тулд намтраа товч хэлэх болох нь. Би хойд хөршийн Ростов-Дон хотод суралцаж барилгын инженер болсон. Төгсөөд Улсын барилгын зургийн төв институтэд ажилд орж, зураг төслийн чиглэлээр техникчээс Зургин ерөнхий инжежер хүртэл ажилласа. Дараа нь Засгийн газрын дэргэдэх барилга, хот байгуулалтын комиссд барилгын бүтээцийн асуудал хариуцсан ерөнхий экспертээр очлоо. Улсын хэмжээний томоохон барилга, байгууламжид магадлан хийдэг байснаас гадна  тусгай зөвшөөрөл олгох ажил эхлүүлж байв. Барилгын яам бий боллоо, удалгүй Дэд бүтцийн яам болсон. Сүүлд Барилга, хот байгууллалтын яам нэртэй ч болсон шүү дээ. Нэр солигдож л байдаг, бид яаманд ажиллаж л байдаг байлаа. Би тэр үеэс орон сууцны асуудлыг давхар хариуцаж байсан юм. Социализмын үед орон сууцыг дээрээс хуваарилж өгдөг байв. Харин 1990 оноос хойш орон сууцны хангамжийн асуудлыг хэрхэн яаж зохион байгуулах бодлого чиглэл үгүйлэгдэж эхэлсэн. Хүмүүст орон байрны хэрэгцээ, эрэлт байгаад байдаг, санхүүгийн тогтолцоо байдаггүй. Орон сууцны нийлүүлэлтийн механизм ч тодорхойгүй байв. Нийгэм нэг тогтолцооноос нөгөө рүү ороход зах зээлийн системд яах ёстой вэ гэдэг асуудал тулгамдаж байв. Тэр үед НҮБ-аас Орон сууц, хот байгуулалтын үзүүлэлтүүдийг улс орон бүрийн түвшинд боловсруулах ажилд гадны мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан. Зах зээлийн орчинд орон сууцыг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд хамгийн түрүүн орон сууцны санхүүгийн систем, суурь бий болгох шаардлага тулгарсан. Орон сууцны санхүүжилтийн асуудлыг нэн чухал байсан тэр үед  Азийн хөгжлийн банкны шугамаар хийгдсэн судалгаа, төслийн ажлууд эхлэхэд нь шумбаад орчихсон. Яамны зүгээс ажиллаж байлаа л даа. Энэ явцад  Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль, Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого гэсэн дөрвөн баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Өмнө нь орон сууцны контор засвар, үйлчилгээг хариуцдаг байсан бол орон сууцаа өмчилж авсан хүмүүс байр сууцаа өөрсдөө арчилж хамгаалах болсон. Ер нь орон сууцны арчилгаа, үйлчилгээ сайн байх тусам тухайн орон байрны чанар сайн байж, зах зээлийн үнэ өндөр байдаг. Ингэснээр тухайн байр орон сууцны урт хугацааны зээлийн маш сайн барьцаа болдог. УИХ дээрх дөрвөн баримт бичгийг баталсны дараа санхүүгийн асуудлыг шийдэх ажил руу мөн л ороод явчихсан даа. Эрэлт, нийлүүлэлтийн болон бусад шаардлагатай судалгаа хийж, 2002 онд Орон сууцны санхүүжилтийн төслийг Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжүүлэхэд төслийн захирал буюу удирдагчаар ажилласан.

-Ил харагдахгүй болохоос “хөшигний ард” маш их ажил явагдаж байжээ.

-Тийм ээ. Бид орон сууцны салбарыг хөгжүүлэх зорилготой гурван чухал ажил хийсэн гэж боддог. Эхнийх нь орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог бий болгох, хоёрдох нь суурьшлын бүсийг оролцогч талуудын оролцоотой төлөвлөж үе шаттай хэрэгжүүлэх хот төлөвлөлтийн шинэ чиглэлийг нэвтрүүлэх, гурав дахь нь шинэ бүхэд салбарын байгууллага мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал байсан юм.

 Монголд орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтолцоо бий болгоё гээд арилжааны таван банкаар зээл олгож эхэлсэн юм. Үүгээр ойролцоогоор 2800 орчим иргэн зээл авсан. Зээлийн эх үүсвэр нь АХБ-ны 15 сая доллар байлаа. Энэ нь 32 жилийн хугацаатай, жилийн 1-1,5 хувийн хүүтэй. АХБ энэ эх үүсвэрийг өгөхдөө биднийг Орон сууц хөгжүүлэх сангийн журам боловсруулж, Засгийн газраараа батлуулах юм бол зээлийн хэлэлцээр хийе гэсэн нөхцөл тавьсан юм. Тэр нь хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын арга хэмжээ нь нэг удаагийнх бус урт хугацааны тогтвортой ажиллагааны эхлэл байгаасай гэж үзээд, тиймээс ирээдүйд бий болох сангийн эх үүсвэр болгож гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Түүний дагуу бид ажиллаад 2002 оны долдугаар сараас эхлүүлэн, анхны зээлийг 2003 оны тавдугаар сарын 1 буюу Газрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс анхны ипотекийн зээлийг арилжааны таван банкаар дамжуулан олгож эхэлсэн. Үүгээр орон сууцны санхүүжилтийн тогтолцооны эхлэл тавигдсан гэж хардаг.

-Та улс орны, айл гэр бүлийн амьдралд ч маш чухал ажил, алба эрхэлсээр иржээ. Одоо зэс боловсруулах үйлдвэр удирдаж суух бол гарын доорх ажил мэт санагдлаа. Уучлаарай, биеийн амрыг харав уу?

-Сонирхолтой ажил санал болгоход нь очсон. Сэтгэл тун ханамжтай байгаа. Энэ бол бас тийм амар ажил биш. Их зүйлийг хийнгээ суралцаж байна. Гэхдээ олон жилийн хөдөлмөрөө зориулсан салбарын ажилд оролцоо багассан ч хамтын ажиллагаа хэвээр байгаа.

-Эхлэлийг нь тавилцсан ажил, үйлс тань зөв замаар явж байна гэж үздэг үү?  

-Хийх юм зөндөө харагддаг. Салбарыг иргэдийн оролцоотой, тэр дундаа гэр хорооллыг үе шаттай хөгжүүлэх үрийг тарихад оролцсон гэж боддог. Ер нь суурийг зөв тавих, голдирлыг, чиглэлийг зөв тогтоох гэдэг их чухал. Түүнээс бүх юманд оролцоод барахгүй. Хийсэн зүйлсийг улам сайжруулаад явах нь чухал. Харин хийснийг дахин “хийх” гээд хамаг цагаа бараад байгаа харагддаг. Арай л биш байгааг харахад хэлчихмээр санагдах үе бий. Хүмүүсийн амьдралдаа чухал шийдвэр гаргадаг хамгийн том асуудал бол орон байр. Насаараа амьдрах байраа хэрхэн бэлтгэх вэ, хэдэн төгрөг хуримтлуулж төлөх вэ гэх зэрэг бол хариуцлагатай шийдвэр, том хөрөнгө оруулалт. Үүнд нь дэм өгөх ёстой юм. Бодлого, нийлүүлэлт, санхүүгийн тогтолцоо нь ч хүмүүсийг дэмждэг байх хэрэгтэй. Орчныг бүрдүүлж өгөх ёстой, хувь хүн ч хариуцлагатай байх ёстой. Тэр тогтолцоог бий болгохын тулд салбар хоорондын уялдаа холбоо, салбар бүрийн үйл ажиллагааны залгамж бөгөөд тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа маш чухал. Манайд салбарын залгамж бодлого гэж байдаггүй. Эрх мэдэлтэн шинээр томилогдох бүрт хөдөлгөөн орж байдаг. Шинэ хүний харах өнцөг ямар байх вэ, мэдлэг, туршлага нь хэр, суурь боловсрол нь ч ямар вэ гэдгээс хамаараад азтай үе байхад, азгүйтэх нь ч бий. Одоохондоо  орчин ийм байна.

-Азгүйтэл маш их хохирол дагуулна даа.

-Тэгнэ. Хайран юм бол тэр. Бас нэг асуудал байна. Хэчнээн их мөнгөтэй байсан ч хандлагыг өөрчлөхгүй. Хүний аливаад хандах, хотын эд, эс байж, хариуцлагатай, соёлтой иргэн байх хандлагыг өөрчлөхгүй бол хэчнээн гоё, цэмцгэр байшин барилга барьсан ч хог хаясаар, шүлсээ хаясаар л байх болно. Хүнтэй бухимдалтай харилцана, хүнтэй зөрөөд өнгөрөхдөө инээдэггүй хэвээр байх болно. Энгийн мэт энэ харилцаа, хандлага бол хотын соёл. Хандлага өөрчлөхөд цаг хугацаа орох ч, хөрөнгө мөнгө ихээр шаарддаггүй. Хотжино гэдэг цаг хугацаа шаарддаг зүйл. Өнөөдөр орчны бохирдол, амьдрах орчны чанар, улс төрийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдал нийгмийн бухимдалд нөлөөлж, улмаар энэ нь хүн хоорондын харилцааны соёлд нөлөөлж байна даа. Энэ бүх үйл явц Монголд явагдаж байгаа боловч удаан байна.

-Таныг гэр хорооллын айлууд хэрхэн хамтарч ажиллах талд санаачилга гаргасан хүн гэх юм билээ.

Суурин суугаа газартаа хамтын хүчээр тохилог, эко, ухаалаг амьдрах боломж бүрдүүлэх санаачилга гаргаж, нөхөрлөл, бүлэг байгуулсаар 200-д хүргэсэн. Нэгэн цагт суулгасан үр маш их жимс өгч байгааг анзаарч явдаг. Бүлгийн гишүүд хэрхэн хамтарч ажиллахаа маш сайн мэддэг болсон бөгөөд бусдад зааж, зөвлөдөг ч болжээ. Саяхан манай Дарханы хуримтлалын бүлгүүдийн холбооны 10 жилийн ой боллоо. Ахмадуудаас бүрдсэн нэг бүлэг 20 гаруй сая төгрөгийн дундын сантай болж, хэрэгтэй үед нь сая төгрөгийг ганцхан хувийн хүүтэй зээлдүүлж байгаа бол нөгөө хэсэг нь оёдлын цехтэй болж гар урлал хийж тун завгүй байгаагаа ярьж байна лээ. Хуримтлалын бүлэг бол нэгэн дор амьдарч буй иргэдийн хамтын хүчийг, итгэлийг, хамтын хөгжлийг, хариуцлагыг бий болгож товчдоо хүмүүсийг хамтын ажиллагаанд нэгтгэдэг юм даа. Ийм маягаар гудмаараа, хэсгээрээ, багаараа, хороогоороо хамтарч ажиллаж амьдарвал ихээхэн өөрчлөлт  авчирна гэдэгт итгэдэг. Хамтарч ажиллахын утга энэ юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. 

 

Р.Оюунжаргал