УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хэвээр үлдээжээ

Энэ сарын 14 буюу өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал болсон. Тэгвэл энэ удаагийн Ерөнхий хорооны хуралдаанаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, тус нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн УБТЗ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэсэн мэдээлэл байсан бөгөөд Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлж магадгүй гэж байсан. Тэгэл дээрх  хоёр албан тушаалтныг хэвээр үлдээж зарим орлогч  дарга нарыг шинээр томилжээ. Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболд, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг тус тус томилжээ.

Мөн энэ удаагийн хуралд  Оросын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал  О.В. Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишарин нар болон Монголын талаас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцжээ.

Дашрамд мэдээлэхэд “УБТЗ” нийгэмлэг 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн амжилт тогтоосон. Энэ оны байдлаар тээвэрлэлтийн хэмжээ 17 хувиар нэмэгдээд байгаа бөгөөд 2019-2020 онд хийхээр төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлбэл дамжин өнгөрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэх ажээ.