Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн дэлхийн цуврлын энэ оны төгсгөлийн тэмцээн манай урд хөршийн Гуанжоу хотноо зохион байгуулагдаж байна. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа эрэмблэгддэг тус тэмцээний эхний өдөр манай тамирчидаас гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин, ОУХМ Довдонгийн Алтансүх нар хүрэл медаль хүртлээ. Жин тус бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг дэлхийн мастеруудын тулаанд 53 орны 118 эрэгтэй, 116 эмэгтэй, нийт 234 жүдоч оролцож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин “В” хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо олимп, дэлхийн хүрэл, энэ оны Азийн наадмын аварга Узбекистаны Диёрбек Урозбоевтой  учраа таарсан ч өрсөлдөгч нь жингээ тааруулж чадаагүй тул тэмцээнээс хасагджээ. Тиймээс манай Д.Амартүвшин гавьяат шууд хэсгээ тэргүүлхийн төлөө ОХУ-ын Алберт Огузовтой учраа таарсан. Орос залуу эхний даваандаа Д.Амартүвшин гавьяатыг хоёр ч удаа ялаад байсан Казахстаны Гусман Киргизбаевыг буулгаж авчээ. Гэвч манай хашир гавьяат хэсгийн аваргын төлөө Алберт Огузовыг 50 секундэд цэвэр ялсан бөгөөд өрсөлдөгчийнхөө мэхэнд хариу мэх хийн иппон буулгажээ. Улмаар хагас шигшээд манай бөх Гүржийн Амиран Папиниашвилитэй хүч үзэж нэмэлт цагт ялагдсан бол хүрэл медалийн төлөө Бразилийн Эрик Такабатакег дархан хутгах мэхээрээ ялж, “Мастерс”-аас гурав дахь, IJF-ийн дэлхийн цувралаас 11 дэх хүрэл медалиа хүртлээ.

Харин -66 кг-д манай ОУХМ Довдонгийн Алтансүх эхний тойрогтоо “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Ерлан Серикжановтой хүч үзэж даралтаар цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Бразилийн Даниэль Каргнинд нэмэлт цагт торгуулиар ялагджээ. Улмаар дагах барилдаанд олимпийн тавдугаар байрын шагналт Словений Адриан Гомбочыг 9:15 минутад вазаригаар, хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны “Мастерс”-ийн мөнгөн медальтай Казахстаны Елдос Жумакановыг 1:24 миинута даралтаар цэвэр ялж шагналын тавцанд гарлаа. Тэрбээр 2018 онд таван тэмцээнд дараалан тавдугаар байр эзлээд байсан бөгөөд "Masters"-д өндөр амжилт гаргадаг -66 кг-ынхны медалийн буухиаг үргэлжлүүллээ. 

Тэмцээний хоёр дахь өдөр манай хүнд жингийн бөхчүүд хүч үзэхэд -100 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Империал гоулд майнинг" компанийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо "Баку-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Нияз Илясовыг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Азийн наадмын аварга  Кентаро Ийдаг вазаригаар, хагас шигшээд Египтийн Рамадан Дарвишийг нэмэлт цагт вазаригаар буулгаж авчээ. Харамсалтай нь манай бөх хэсгийн аваргын төлөөх барилдаанд хавиргандаа бэртэл авснаар финалд барилдах боломжгүй болжээ. Тэрбээр хагас шигшээд бэртэлтэй барилдсан бөгөөд тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан ялалт байгууллаа. Ингэснээр манай улс дэлхийн мастеруудын тэмцээнийг 1 мөнгө, 2 хүрэл медальтай өндөрлүүллээ.

Л.Отгонбаатарын барилдаанууд