ОУХМ Ц.Цогтбаатар, дэлхийн аварга Ан Чанримтай учраа таарлаа

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн дэлхийн цуврлын энэ оны төгсгөлийн тэмцээн маргааш манай урд хөршийн Гуанжоу хотноо эхлэх гэж байна. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа эрэмблэгддэг тус тэмцээнд сул өрсөлдөгч үгүй бөгөөд жин тус бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэгээрээ онцлоготой. Энэ удаагийн дэлхийн мастеруудын тулаанд 53 орны 118 эрэгтэй, 116 эмэгтэй, нийт 234 жүдоч хүч үзэх болжээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 13 жүдоч уригдсан бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжинням, гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нарын удирдлагад хүч үзнэ. Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болон шүүгчдийн хурал, суглааны үйл ажиллагаа явагдсан бөгөөд манай тамирчид хэрхэн суглаа татсаныг хүргэе!!! Жүдо бөхийн Дэлхийн цуврал тэмцээнүүдийн суглаа уламжлал ёсоор чансааны эхний найман тамирчин хэсэг тэргүүлэн барилддаг бөгөөд А хэсэгт 1-8, В хэсэгт 4-5, С хэсэгт 2-7, D хэсэгт 3-6 номерийн тамирчид хуваарилагддаг билээ. Тэмцээний эхний өдөр -60, -66, -73, -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд болно.

-60 кг:

Энэ жинд жүдогийн эх орон япончууд төлөөллөө илгээгүй нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Тус жинд манай хоёр гавьяат тамирчин хүч үзэх бөгөөд гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин В хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр олимп, дэлхийн хүрэл, энэ оны Азийн наадмын аварга Узбекистаны Диёрбек Урозбоевтой шилдэг наймд орохын төлөө хүч үзнэ. Д.Урозбоев хэдийгээр Азийн наадамд түрүүлсэн ч ДАШТ-ийг өнжин World Masters-д ирсэн. Тэрбээр манай Д.Амартүвшин гавьяатыг өнгөрсөн 11 сард нутагтаа ялснаар хоорондын ялалтын харьцаагаа 3:3 болгон тэнцүүлээд байгаа. Тэдний ялсан нь их шөвөгт үлдхийн төлөө Казахстаны Гусман Киргизбае, ОХУ-ын Алберт Огузов нарын ялсантай хүч үзнэ.

Мөн энэ жинд хүч үзэх Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Ганбатын Болдбаатар Узбекистаны Шарафудин Лутфиллаевтай D хэсэгт учраа таарсан бөгөөд өмнө нь өрсөлдөгчөө хоёр удаа буулгаж авч байжээ. Энэ удаад Г.Болдбаатар гавьяат дахин өрсөлдөгчөө ялбал хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Казахстаны Елдос Сметов, залуучуудын дэлхийн аварга Испанийн Франческо Гарригос нарын ялсантай барилдах суглаа гарсан байна.

-66 кг:

Энэ жинд манай улсаас өнгөрсөн оны дэлхийн мастеруудын аварга Ганболдын Хэрлэн хүч үзэх бөгөөд тэмцээний чансаа 5-д бичигдсэн тул Японы Жоширо Марүяматай В хэсэгт хуваарилагдлаа. Тэрбээр эхний тойрогтоо Бразилийн Чарлез Чибанатай оноолт таарсан бөгөөд ялсан тохиолдолд Ж.Марүяма болон Румыний Денис Вьерү нарын ялагчтай хүч үзнэ. Энэ жинд Ж.Марүяма Осакагийн “Их дуулга”-д дэлхийн хошой аварга Хэфүми Абег ялснаар Мастерст оролцох эрхээ авчээ. Харин Х.Абе энэ удаад Гуанжоуд хүрэлцэн ирсэнгүй. Түүнээс гадна энэ жингийн шилдгүүдээс дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт БНСУ-ын Ан Баул World Masters-ийг өнжсөн.

Харин манай ОУХМ Довдонгийн Алтансүх энэ оны Бакугийн ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Ерлан Серикжановтой С хэсэгт эхний тойрогтоо учраа таарлаа. Улмаар өрсөлдөгчөө ялбал Израйлын Таль Фликер, Бразилийн Даниэль Каргнин нарын ялсантай хүч үзнэ.

-73 кг:

Энэ жинд олимп, дэлхийн аварга Японы Шёохэй Оногоос бусад бүхий л шилдгүүд Гуанжоуд цугласан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Соичи Хашимото тэргүүлэн барилдана. Манай улсаас дэлхийн чансаа #5 гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр хүч үзэх бөгөөд В хэсэгт Казахстаны Заншай Смагуловтой эхний тойрогтоо учраа таарлаа. Улмаар өрсөлдөгчөө ялбал Шведийн Мациас Томми болон БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны жүдоч Чандага нарын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдахаар оноолт таарчээ. Харин манай ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо “Баку-2018” ДАШТ-ий аварга БНСУ-ын Ан Чанримтай эхний тойрогтоо хүч үзнэ. Хэрвээ манай бөх өрсөлдөгчөө ялбал Косовогийн Акил Гякова, ОХУ-ын Муса Могушков нарын ялсантай барилдана.

-81 кг:

Энэ жинд мөн манай улсаас хоёр тамирчин оролцохоор болсон бөгөөд ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар D хэсэгт ОХУ-ын Аслан Лаппинаговтой учраа таарлаа. Тэдний ялагч ОХУ-ын Хусейн Халмурзаев болон Болгарын Ивайло Иванов нарын ялсантай хэсгийн аваргын төлөө хүч үзэх бол манай ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн тэгштгэлд Португалын Анри Эгүтизетэй хүч үзнэ. Сонирхолтой нь энэ жингийн ДАШТ-ий алт, мөнгөн медальтнууд /Сайд Моллай, Такеши Сассаки/ эхний тойрогтоо хүч үзэхээр болжээ.

-100 кг:

Японы Аарон Вольф, Бельгийн Тома Никифоров нараас бусад бүх шилдгүүд Гуанжоуд цугласан бөгөөд тэмцээний D хэсэгт дэлхийн медальтнуут хуваарилагдлаа. Манай ОУХМ ДАШТ-ий хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Бакуд хамтдаа шагналын тавцанд гарсан ОХУ-ын Нияз Илясовтой эхний тойрогт учраа таарлаа. Тэд өнгөрсөн 11 сард Улаанбаатар хотноо хамтарсан бэлтгэл хийн барилдааны арга туршлагаасаа хуваалцсан билээ. Энэ удаад хэн давамгайлсан нь Японы залуу од Азийн наадмын аварга Кентаро Ийда, дэлхийн шинэ аварга БНСУ-ын Чо Гухам, олимп, дэлхийн медальт Францын Сирил Маре нарын нэгтэй барилдах юм.

+100 кг:

Энэ онд одоогийн байдлаар эрэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилтыг гарган Азийн наадмаас мөнгө, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр тэмцээний D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо ДАШТ-ий тавдугаар байрын шагналтай Узбекистаны Бекмурод Олтибоевтой учраа таарлаа. Хэрэв манай бөх учраагаа ялбал Польшийн М.Сарнацки, БНСУ-ын Ким Сун-Мин, БНХАУ-ын үлэмж биет Юан Шаотон нарын ялсантай хүч үзнэ.

-48 кг: Энэ жинд 2017 оны дэлхийн аварга Японы Тона Фүнаки, Галбадрахын Отгонцэцэг болон Украйны Дария Билодед нар оролцохгүй болжээ. Тиймээс тэмцээний чансааг манай гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдах болж, чансаагаа ахиулан жингээ зургаа дахь жилдээ тэргүүлэх боломжтой болоод байна. Түүнтэй эхний тойрогт БНХАУ-ын Ли Янан хүч үзэх бол хоёрдугаар тойрогтоо Мариана Черняк /Украйн/, Жулия Фигуроа /Испани/ нарын ялагч учраа таарна. Улмаар хагас шигшээд 2014 оны дэлхийн аварга Ами Кондотой хүч үзэх магадлал өндөр байна. Харин нөгөө хэсэгт олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето, ОХУ-ын Ирина Дольгова тэргүүтэй тамирчид хуваарилагдсан байна.

-57 кг:

Энэ жингийн чансааг 2016 оноос хойш тасралтгүй тэргүүлж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Гуанжоуд Мастерт тав дахиа түрүүлэх зорилготойгоор очсон. Тэрбээр эхний тойрогтоо Унгарын Эдвиг Каракастай барилдах бол хэсгийн аваргын төлөө Канадын залуу од Жессика Климкайт, Израйлын Тимна Нельсон Левай нарын ялсантай хүч үзнэ.  Сонирхолтой нь Д.Сумъяа аварга ДАШТ, Токиогийн “Их дуулга”-д дараалан Канад бүсгүйтэй нэг хэсэгт учраа таараад байгаа. ДАШТ-д манай аварга өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялсан бол өнгөрсөн сард Токиогийн Гранд Сламд Канад бүсгүй ялаад байгаа юм.

-63 кг:

“Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг дэлхийн аварга Францын Кларенс Агбегненүгийн хамт А хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний тойрогтоо Австралийн Катарина Хайкертай барилдана. Улмаар ялсан тохиолдолд К.Агбегненү болон Их Британий Алисе Шлесингер нарын ялсантай учраа таарна. Британи бүсгүй өмнө К.Агбегненүтэй нэг удаа учраа таарахдаа ялж байсан түүхтэй.