“Жаст Ойл”-оос бусад компани шатахууны үнээ буулгажээ

Засгийн газраас нефьт импортлогч компаниудтай тохиролцсоноор шатахууны үнийг энэ сарын 7-ны өдрөөс литр тутамд 100 төгрөгөөр буулгасан. Үүний дагуу мэргэжлийн хяналт, ШӨХТГ, АМГТГ-аас нийслэл хотод 92 ШТС-д шалгалт хийхэд “Жаст Ойл” ХХК-иас бусад импортлогч компаниудын ШТС үнээ буулгасан байжээ. 

Гэхдээ зарим компанийн ШТС-ууд үнийн дүнгээ самбар дээрээ солиогүйгээс хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг шалгалтынхан мөн мэдээлсэн. Түүнчлэн компаниуд шатахууны үнээ 7-ны өдөр ч амралтын өдрүүдэд буюу 8. 9-нд  буулгаагүй, энэ тал дээр хойрго хандаж байгааг албаныхан хэлсэн.  Өнөөдрийн байдлаар Аи-92 автобензин литр нь 1820 төгрөг, А-80 бензин 1845 төгрөг, дизелийн түлш 2370 төгрөгөөр борлуулж байна.

“НИК” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Импортлогч компаниуд ОХУ-аас шатахуунаа хүлээн авахад механик техникийн асуудал байдаг учир энд 10-20 хоног шаарддаг. Мөн шатахуунаа дэлхийн хэмжээнд хямдарсан үнээр сарын дараа оруулж ирдэг. Дээр нь валютын ханшийн өсөлтийг тооцоолох учиртай” гэсэн тайлбар өгч байв. Түүнчлэн АМГТ-ны газрын дарга Ц.Эрдэнэбаяр, “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны энэ 12-р сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, Аи-92 автобензин нэг тонн нь 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болоод байгааг мэдээллээ.