Өнөөдөр, маргааш зарим нутгаар бороо орж, нойтон цас орж, говь, талын хээр нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, дөрөвдүгээр сарын 5-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 7-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Мөн дөрөвдүгээр сарын 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 7-12 метр хүрч шороон шуурга шуурна.
Дөрөвдүгээр сард нийт нутгаар цаг агаар дулаарч, нийт нутгаар хур тунадас орж, салхитай байх боловч дулаан байна гэжээ.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх төлөвтэй байна . Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нугтаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.