Манай жүдочид

Румыний нийслэл Бухарест хотноо жүдо бөхийн клубүүдийн Европын Аваргуудын лигийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр зэрэглэл өндөр багуудын өрсөлдөөн явагдаж дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр /-73кг/, ОУХМ Ганболдын Хэрлэн /-66 кг/ нарыг эгнээндээ нэгтгэсэн Португалын Спортинг клуб аваргын алтан медаль хүртлээ. Аваргуудын лиг нь эрэгтэй -66, -73, -81, -90, +90 кг, эмэгтэйчүүд -52, -57, -63, -70, +70 кг-ын жингүүдээр зохион байгуулагддаг уламжлалтай. Эрэгтэй багуудаас Спортинг клуб Испаний "Валенсия"-г 3:2-оор, хагас шигшээд Хорватын "Эделвайс"-ийг 4:1-ээр, аваргын төлөө ОХУ-ын "Явара-Нева"-г 3:2-оор ялсан байна. Эхний хоёр тойрогт ОУХМ Г.Хэрлэн -66 кг-д хоёр өрсөлдөгчөө ялсан бол аваргын төлөө Г.Одбаяр учраагаа ялж, багтаа 100 хувийн ялалтаа тус хүргэжээ.  Тэдний багт -81 кг-д Анри Эгүтизе/Португал/, -90 кг-д "Баку-2018" ДАШТ-ий аварга Николоз Ширазадешвили /Испани/, +90 кг-д Хорхе Фонсека /Португал/ нар өрсөлджээ.

Түүнчлэн эмэгтэй багуудаас гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нараар хүчээ зузаатгасан Францын "Флам 91" баг мөн аваргын алтан медаль хүртжээ. Тэдний баг Туркийн "Галатасарай", Румыний "Динамо" багуудыг тус бүр 3:2-оор ялсан бол финалд "JC PONTAULT COMBAULT" багийг мөн 3:2-оор буулгаж авсан байна. Эдгээр барилдаануудад ОУХМ Л.Энхрийлэн бүх өрсөлдөгчөө ялж багтаа онцгой гавьяа байгуулсан байна.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр ЕUROPA LEAGUE-ийн өрсөлдөөн болох бөгөөд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /-73кг/, Нямсүрэнгийн Дагвасүрэн /-81кг/ нар барилдана. Өнөөдрийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.