Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны сүүлийн цуврал тэмцээн манай урд хөршийн Гуанжоу хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. IJF-ийн чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх "Мастерс" тэмцээнд зөвхөн урилгаар оролцох бөгөөд энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117, нийт 236 жүдоч хүч сорихоор болсон. Тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын баг эрэгтэй, эмэгтэй бүх жинд буюу 14 тамирчин оролцуулах бол жүдогийн эх орон Япон, ОХУ тус бүр 19 тамирчин нь оролцох бол манай улс эрэгтэй 10, эмэгтэй 3 тамирчнаа сойно. Тус тэмцээнд хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байгаа бөгөөд тав дахь түрүүгээ авахын төлөө Гуанжоуд зодоглоно. Түүнээс өмнө энэхүү "Мастерс" тэмцээнд гавьяат тамирчин Санжаасүрэнгийн Мияарагчаа 2010, 2012 онуудад түрүүлж байсан бол хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар 2011 онд, ОУХМ Ганболдын Хэрлэн 2017 онд 66 кг-ын жинд түрүүлж байлаа. Мөн олимп, дэлхийн медальт, гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир 2013 онд, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг 2015 онд энэхүү тэмцээнд түрүүлж байлаа. Гуанжоуд тэмцээн өглөөний 10:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас явагдана. Сонирхуулахад БНХАУ-д youtube.com цахим хаягийг хуулиар хоргилдог тул урьдчилсан барилдаануудыг ippon.org сайтаар үзүүлэхгүй байх магадлалтай. Харин 17:00 цагаас медалийн төлөөх барилдаануудыг SPS HD телевизээр болон http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. 

"Мастерс" өрсөлдөх Монголын баг:

Эрэгтэй:

60 кг: Дашдаваагийн Амартүвшин (Дэлхийн чансаа #6, 3889 оноо, "Хилчин" спорт хороо)

Ганбатын Болдбаатар (#11, 2804 оноо, "Хангарьд" спорт хороо)

66 кг: Ганболдын Хэрлэн (#8, 3530, "Сүлд" спорт хороо), Довдонгийн Алтансүх (#17, 2275, "Хангарьд" спорт хороо)

73 кг: Ганбаатарын Одбаяр (#5, 4445, "Женко" клуб), Цэнд-Очирын Цогтбаатар (#12, 2817, "Сүлд" спорт хороо)

81 кг: Отгонбаатарын Ууганбаатар (#11, 3103, "Сүлд" спорт хороо), Нямсүрэнгийн Дагвасүрэн (#17, 2327, "Хангарьд" спорт хороо)

-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар (#17, 2500, "Сүлд" спорт хороо)

+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (#3, 3928, "Алдар" спорт хороо)

Эмэгтэй:

48 кг: Мөнхбатын Уранцэцэг (#2, 6520 оноо, "Хүч" спорт хороо)

57 кг: Доржсүрэнгийн Сумъяа (#2, 6226, "Хилчин" спорт хороо)

63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг (#11, 3109, "Женко" клуб)

Тэмцээний хуваарь:

12 сарын 14 

14:00 цаг: Сугалаа

 

12 сарын 15

Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг

12 сарын 16

Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг