Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Н.Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлалаа. Тодруулбал, Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал энэ сарын 19-ний өдөр болсон бөгөөд маргааш нь Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын хурал болж улмаар МНН-тай эвсэл болж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон ба тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгож, МНН намын дарга н.Бум-ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтбаатар нар эвсэж сонгуульд оролцох гэрээ байгууллаа. Ингэхдээ "Н.Номтойбаяр улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна. Тэр бол энэ цагт бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай эр хүн. Тэрээр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа" гэжээ.