Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлнэ гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм.
Тодруулбал, Улсын онцгой комиссыын дарга Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албаны хамгаалах хувцас хэрэгсэл, машин техник, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр ЗГ, УОК-оос шат дараатай анхаарч ажиллаж байгаа. Болзошгүй гамшгийн эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах тал дээр бүх шатанд, бүх нийтээрээ бодит дэвшил гаргах зайлшгүй шаардлагатай байна гэсэн. Улмаар энэ хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, Аврах ангийг чадавхжуулах, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн II үе шатыг эхлүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан тухай танилцуулав. Ингэснээр Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал түймэр унтраах, автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, 32, 42 метр өндөрт гал түймэр унтраах, аврах ажиллагаа явуулах хүчин чадалтай автомашиныг Онцгой байдлын байгууллагад нийлүүлэх юм.