Хотын даргын зөвлөгөө нийслэлчүүдийг бухимдуулав

Энэ өвөл хотын зам шил, толь шиг л байна. Ойр ойрхон цасыг холбогдох газрууд нь тааруухан цэвэрлэсэн,  дээр нь давс бодисоо муу цацаж байгаагаас үүдэн хотын замд нүүрээ тольдом гялалзаж, хаа сайгүй мөргөлдсөн машин, бухимдсан жолооч нар эд хөрөнгөөрөө хохирч, даатгалын компани, замын цагдаа нарын ачаалал эрс нэмэгдээд байна.

Үүнээс улбаалан бухимдсан зарим нь хотын дарга руу бурууг нь чихэж, машин явуулахгүй гэж хааж хорихоосоо урьтан давс бодисоо цацаач гэсэн шүүмжлэлийг цахим орчинд өрнүүлээд байгаа юм.

Харин хотын дарга энэ бүхний буруутан өөрөө биш дүүргийн дарга нар шүү хэмээн хэвлэл мэдээллийн албаараа мэдээлэл түгээлгэж, тэр ч бүү хэл Нийслэлийн удирдлагуудын цуглардаг шуурхай хуралдааны үеэрээ зөвлөгөө хүртэл өгч амжив. Ингэхдээ “Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх ёстой” гэх мэтчилэн ярьсан нь олон хүний дургүйцлийг хүргэж байна.