УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн МАН яг одоо шившгийн хөндийгөөр туучиж явна. 90 гаруй жилийн түүх, өөрдсийн бүтээсэн үнэт баялагтай хэмээгддэг энэ намын эрх баригчид эцэс сүүлдээ бүх түүхээ уландаа гишгэж, ядруухан өрнөл, муухан найруулгатай жүжигээрээ яг одоо ард олны доог тохуу, цайны "хачир" нь болж байна.
Өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр л гэхэд эрх баригч намын Хяналтын хороо хуралдаж, нэр бүхий таван гишүүнээ намаас хөөлөө гэх асуудал улс төрд өрнөсөн халуун сэдвүүдийн нэг нь байлаа. Ингэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг намаасаа хөөх тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар санал хураахад оролцсон гишүүдийн 10 нь дэмжиж, нэг нь энэ бүхнийг эсэргүүцсэн ажээ. Мөн эл хурлын үйл явц бүгд протоколд тэмдэглэгдэн үлдсэн байгаа юм. Гэтэл үүнээс хэсэг хугацааны дараа хачирхалтай үйл явдал өрнөсөн нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар дээрх хурлаас гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан мэдэгдлийг хэвлэлийнхэнд дуулгасан нь мөн л олны анхаарлыг татаж, энэ бүхэн цаана ямар учиртай зүйл болоод байна вэ. Яагаад ийм эргэж буцсан бүрхэг шийдвэр гаргав гэж гайхширхад хүргэсэн юм.
Юутай ч энд нэг түүх нэхэн сануулахад өдгөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх генсекээр ажиллаж байхдаа яг ийм бараан түүхийг намынхаа, өөрийнхөө намтарт бичсэн байдаг. Тодруулбал, тэрбээр одоогийн УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Чулуунбат агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, сайд асан Н.Удвал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй кадруудаа намаасаа хөөж байв. Улмаар энэ бүхнээс үүдэн намын 200 гаруй мянган гишүүн хоёр хуваагдаж, хөл толгойгоо олохгүй бужигнаж явсан үе энэ намын түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн. Мөн дээрх буюу намын гишүүд, дэмжигчдийн хуваагдлаас болж МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2013 оны орон Ерөнхийлөгчийн сонгуульд ээлж дараалсан ялагдал хүлээж, хүнд он цагуудыг ардаа орхисон саяхны үйл явдал юм.
Тэгвэл өнөөдөр, удахгүй 100 жилтэйгээ золгох энэ намын түүхэнд яг энэ үйл явдал давтагдаж, МАН-ын дарга У.Хүрэлсүх сурсан зангаараа намаа хувааж, нэр бүхий таван гишүүнээ Хяналтын ерөнхий хороогоороо хөөлгөж суугаа нь ямар учиртай, хэр шударга зарчим юм бол оо... Удахгүй 2020 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн цикл ч хаянд ирчихээд байна. Гэвч энэ цаг үед гишүүд дэмжигчдийнхээ ноён нуруу нь байж, төрийн ажлыг ганхуулах учиргүй МАН-ын дарга У.Хүрэлсүх нам доторх эв нэгдлээ бүрэн хангаж чадаагүйгээс засаг төрийн ажил гацаж, улс орны эрх ашигт маш том хор хөнөөл авчирч мэдэх хэмжээнд хүрчихээд байна. Цаашлаад ард түмэн миний тал хэмээн цээжээ дэлдэх У.Хүрэлсүхэд олон нийт эргэлзэж эхлээд байна. Хариуцлага, сахилга бат ярьж байсан Ерөнхий сайдыг хэр шударга вэ гэдгийг ажиглаж байна. Тэд тун удахгүй сонгогчид дүнгээ тавина. Ард түмэн түүний талд байгаа эсэхийг сонгуулиар дүн тавиулж мэднэ үү гэхээс Төрийн ордон дахь албан ажлын өрөөнөөс тааж мэддэггүй юм даа уг нь.