Өнөөдөр хуралдах Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр АТГ-аас ЖДҮХС-тай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарын талаар мэдээлэл өгөх байсан. Гэвч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Харин тус байнгын хорооны хурлын гишүүдээс ирүүлсэн бичигт Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр хариу өгсөн байна. Уг албан бичигт Зам тээврийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарыг ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа нь үнэн гэсэн хариултыг өгчээ.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр "ЖДҮХС-гаас зээл авсан сайд нарын асуудлаар Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан. Энэ хүрээнд байнгын хороогоор АТГ болон прокурорын байгууллагаас мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрсэнгүй. 19 гишүүнээс найм нь ирлээ. Энэ бол зохион байгуулалттай ажил. Ж.Энхбаяр, Х.Нямбаатар зэрэг ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд санаатайгаар ирц бүрдүүлсэнгүй.
Мөн Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийн хариу ирж, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар , Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайд ЖДҮХС-гийн асуулаар шалгаж байна гэсэн хариу өгсөн. Мөн энэ мэдээллийг албан бичигт хавсаргаж Улсын ерөнхий прокурор Энх -Амгалан даргад явуулахад хариу ирсэн. Уг хариунд "Улс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, оролцсон, өөрийн хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгуулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж дуусаагүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн. Үүнээс Эрүүгийн хэргийг хянах шалгах тухай хуулийн 29.3 т хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад буюу эрүүгийн хэрэг үүсээд явж байх дундуур мэдээлэл өгөх боломжгүй гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа юм байна. Тийм учраас 29.3 үндэслээд мэдээлэл өгөх боломжгүй гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн хэвлэлээр ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл их гарч байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй байна. Үнэн байж болзошгүй энэ зургаан сайдын нэрийг явуулсан. Үүнд хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна" гэв.
