Намын Удирдах зөвлөлөөр Засгийн газрыг огцруулахгүй хэмээн мэдэгдэж, бүлгийн хуралд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн мэдээлэл өдөржин хөврөв. Гэсэн ч төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг, үйлдэл зөрчилдөж, хариуцлагатай тэмцэх биш тэврэлдэж байгааг гишүүд шүүмжилж, эцэст нь огцруулах нь зүйтэй хэмээн олонх нь кноп дарав.
“Би бол намын дарга бас Ерөнхий сайд” хэмээн хэдэнтээ тодотгоод амжсан У.Хүрэлсүх гишүүддээ байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлж хатуухан ярих болзлыг тулгасан. Кабинетийнхандаа хариуцлага тооцож чадахгүй, хамдаа парламентын үй ажиллагааг доголдуулсан гэм ялыг ч байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдад тулгаж байлаа. Тухайлбал, гишүүн О.Баасанхүү “Хариуцлага тооцъё гэдэг үгэнд баярлаж байна. Хариуцлага тооцох гэхээр болохгүй байна гэх юм. Яг хэн үгэнд чинь орохгүй байгаа юм. Аймшигтай том мафитай тэмцэх гээд байгаа юм шиг л сошиалаар яриад байх юм. Тэмцэх гээд байгаа зүйл чинь хаана байгаа юм бэ. Асуудалтай сайд нараа огцруул гэсэн. Тэр асуудлын үр төлөөсийг нь ард түмэн үүрч байна. Танай намын хэрүүл төрийн хэрүүл болоод байна. Хариуцлагагүй байгаа сайдууддаа хариуцлага тооцохгүй байна” гэсэн юм.
Утааны асуудлаас болж хотын даргыг огцруулж байж салбарын сайдынх нь толгойг илээд суугаа гүйцэтгэх засаглалын тэргүүний араншинг үнэндээ гишүүд ойлгоогүй. Тэр ч бүү хэл, микрофон өгөөгүй учраас гоморхож хуралдаа ирээгүй Сангийн сайдыг ч У.Хүрэлсүхэд зөвтгөх үг олдоогүй.
Гишүүн Ц.Мөнх-Оргил “Бид намын ажил яриагүй. Бид төрийнхөө ажлыг хийж байна. ЖДҮХС-гаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн өөртөө болон намын нөхөддөө зээл авсан нь хов жив биш. Бид ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээлгээд өгөөч гэж хүсэж байна. “Одооноос эхлээд та нартай бүгдтэй чинь хариуцлага тооцно” шүү л гээд байдаг хэр нь өөрийнхөө кабинетийн сайд нарт хариуцлага тооцохгүй байна.
Засгийн газрын өргөн барьсан төсвийг УИХ батлаад өгсөн. Гэтэл төсвийг ярих гэхээр Засгийн газрын гишүүдээс нэг нь ч орж ирээгүй.
Намын хагарлаа төрийн гацаа болгосон намын дарга бас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг, үйлдлийн зөрүүг Г.Занданшатараас өөр ойлгох хүн ч байнгын хорооны хуралдаанд хурсан гишүүд дунд байсангүй.
Гишүүн Д.Эрдэнэбат “АН Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол 65 гишүүний асуудал биш болж байна. Төрийн ой санамжийн асуудал болчихоод байна. 1990 оны хувьсгал гарах үед, нийгмийн бухимдлыг дарахын тулд тухайн үеийн сэхээтнүүд оролцож явсан байдаг. Яг үүнийг өнөөдөртэй зүйрлээд харвал асар их эмгэнэлтэй байдал харагдаад байна. Өнөөдрийн явж байгаа бүх зүйл цахимаар эзэн биегүй явж байгаа нь хамгийн аймшигтай байна” хэмээсэн.
Шүүмжлэлийг хүлээн авна хэмээн яриагаа эхэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаа цэвэрлэхээ мэдэгдэж, өөрийнх нь эсрэг зогссон гишүүдтэй хатуу ярих заналхийллээр үгээ дуусгасан юм.
УИХ-ын гишүүнд Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулсны дараа шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд орлож байсан. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа Шадар сайдыг Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нь зөв гэсэн санал гаргасан юм. Харин байнгын хорооны гишүүдийн олонх нь Д.Эрдэнэбат гишүүний саналыг дэмжсэн.
ЖДҮ-тэй нэр холбогдсон сайд нараа оруулж ирээд асуудлыг ярьж, хариуцлагыг хар толгойтой нь тооцох хэрэгтэй журмын нөхөд нь У.Хүрэлсүхэд олонтаа хэлсэн ч эцсээ хүртэл тэднийхээ төлөө байсаар ийнхүү огцрох тийзээ гардахаар боллоо.
