У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН НАЙМАН САЙД  ЖДҮ-ГЭЭС

У.Хүрэлсүхийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ өдрүүдэд бас нэгэн ноцтой баримтыг "Цүнх баригч" нэртэй пейж хуудаст дэлгэжээ. Энэ нь түүний толгойлсон Засгийн газрын гурван ч сайд ЖДҮ-д нэр холбогдож, "хулгайлсан" нь баримтаар илчлэгдсэн бол энэ тоо дахиад НАЙМААР нэмэгдэж магадгүй болоод байна. Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан болон түүнд нөлөөлсөн байж болох УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нарыг АТГ-аас мөн шалгаж эхэлсэн бөгөөд прокурорууд ч энэ асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа юм:

1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР

            - “Эмийн үйлдвэр” ХХК-иар – 1.2 ТЭРБУМ /юутай ч улс төрийн хүрээнийхэн түүнийг энэ компанитай ямар нэг байдлаар хамааралтай байх магадлалтай гэж байгаа юм/


                                     

2. Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

           - “Хантай хайрхан” ХХК-иар – 1 ТЭРБУМ

     3. Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

             - “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000

             - “Хаганат” ХХК-иар – 195.000.000

4.Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН

          - “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000


 

5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

    - “Бээвэр” ХХК-иар – 300.000.000


6. Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

          - “Өлзий дэн” ХХК-иар – 500.000.000

7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЬЯАБАЗАР

       -“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ИАР – 500.000.000

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ

            -“Баян таван тэс” ХХК-иар – 250.000.000

           - “Баруун загвар” ХХК-иар – 160.000.000

 Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа ЖДҮХС-гаас 600.000.000 төгрөг авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон бол дахин өөрийн хамаарал бүхий хоёр компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан баримт дэлгэгдлээ.

 

Эдгээр сайд нарын зарим нь өөрийн шууд хамаарал бүхий бус компаниар дамжуулан авсан бол зарим нь өөрийн шууд хамаарал бүхий компанидаа авсан байдаг. Тухайлбал, БХБ-ын сайд Баделхан “Мон лайвс”, “Хаганат” компанийг үүсгэн байгуулагч хэмээн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгэгджээ.

Эл баримт дэлгэгдэхээс өмнө У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хоёр ч сайд нь ЖДҮ-тэй нэр холбогдоод байсан юм. Хоёр “ЖДҮ-чин” сайдыг жагсаавал:

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.БАТЗОРИГ

“Тээвэр ачлал” ХХК-иар – 1.4 ТЭРБУМ

  1. Зам тээвэр, хөгжлийн сайд Я.СОДБААТАР

“Эпонта анарваан” ХХК-иар – 1.2 ТЭРБУМ  төгрөгийн зээлийг тус тус хулгайлсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон.

Эх орончийн дүрийг энгүй сайхан гаргаж яваа эрхэм хурандаа Ерөнхий сайдын удирдсан танхимын “цэргүүд” болох сайд нар нь ээлж дараалан “ЖДҮ”-гээс "хулгай" хийгээд байхаар Монгол Улс яаж хөгжих юм бэ? Ерөнхий сайд болохдоо “Миний танхимаас хууль бус зүйл битгий нэхээрэй... Хууль бус үйлдэлтэй би хатуу тэмцэнэ. Шударга ёсыг тогтооно” гэсэн амлалт чинь яасан бэ? Танхимын чинь 15 сайд нарын 9 сайд буюу 70 хувь нь ЖДҮ-гээс "хулгайлсан" гээд байхад, тэдгээр сайд нартаа хариуцлага тооц гэсэн УИХ-ыг ирцээр бойкотолж суугаа чинь шударга ёс уу, ариун явдал уу? Ардын засаг гэсэн сүржин нэртэй У.Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн “ЖДҮ-чдийн Засгийн газар” буюу “Жинхэнэ хулгайчдын Засгийн газар” гэсэн нэр өгчихөж. Татвар төлөгчдийнхөө боломж, талхны мөнгөө олох гэж зүтгэж яваа ард түмнийхээ татварын мөнгөнөөс хулгайлсан Засгийн газрыг нэн яаралтай огцруулах шаардлагатай болжээ. Жагсаал цуглаан хийж цэрэг цагдаагийнхныг хүртэл өдөөн турхирч байгаа Ерөнхий сайд, хулгайчдаа өмөөрч, хулгайчдаа хаацайлж байгаа Ерөнхий сайд Монгол Улсад хэрэггүй. Ард түмэн ядарсан ч гэлээ жинхэнэ шударга ёсыг хүсч байна. Ядуу ч гэлээ мөр бүтэн, гэдэс цатгалан байж эх орондоо амар тайван амьдрахыг хүсч байна.

Өчигдөрхөн болж өнгөрсөн “ЖДҮ-г жинхэнэ эздэд нь” хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын жинхэнэ баялаг бүтээгчид аргаа барахдаа хэлэх үгээ олж ядан, хэнхдэг цээжээ дэлдэж байсныг Ерөнхий сайд та үзсэн л байх. Ар, өврийн хаалгагүй, дээрээ татлаа, түтлээгүй ЖДҮХС-гаас ихдээ л 50 саяын зээл хүссэн жинхэнэ баялаг бүтээгчдэд “Улс чинь мөнгөгүй байна. Төсөл чинь сайхан юм” гэдэг жижүүрийн хариулт өгчихөөд ар хударгаар нь танхимаараа хулгайлж болдог юм уу, Ерөнхий сайд аа... Ардын засагт тахал мэт тархсан энэ “ЖИДҮ”-г илааршуулах ганц л ерөндөг байна... Олон таван үггүй, сандал ширээтэйгээ зууралдалгүй, танхимаараа огцорч, “ЖДҮ”-дсэн сайд нартаа хариуцлага тооцуул. Тэгвэл Таны эх оронч имижний чинь хэлтэрхий ч гэсэн үлдэж мэднэ...