Осакагийн

Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны сүүлийн "Их дуулга" Японы Осака хотноо эхэллээ. “Осака 2018” жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий алт, мөнгөн медальт ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, "МТ" группын тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн -66 кг-д хүч сорьсон "Женко" клубийн тамирчин ОУХМ Пэрэнлэйдоржийн Басхүү хүрэл медаль хүртлээ.

Энэ өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66 кг, эмэгтэйчүүдийн -48, -52 кг жингийн барилдаанууд явагдаж манай зургаан бөх хүч үзсэн. 

-48 кг:/19 бөх/

М.Уранцэцэг эхний шатанд Бүх Японы аварга, 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Цүкаса Ёшидагийн төрсөн дүү, 17 настай Сана Ёшидаг цаг дуусахаас 13 секундын өмнө буюу хоёр торгуулиар ялагдаж яваад цэвэр савсан бол дараа нь Португалын Мариа Сидеротыг вазари үнэлгээгээр унаган улмаар даралтаар цэвэр ялж их шөвөгт шалгарсан. Улмаар хагас шигшээд БНСУ-ын Кан Юү-Жеоныг мөн даралтаар ялсан ч аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөтэй Японы Фүна Тонакид ялагдан Гранд Слам ангилалаас 6 дахь мөнгөн медалиа гардлаа. Ингэхдээ тэрбээр бага дэлхийн аварга гэгддэг Японы Гранд Сламаас 3 дахь мөнгөн медалиа хүртлээ. Тэрбээр 2016 онд энэхүү тэмцээнд түрүүлсэн монголын анхны жүдоч болж байлаа. Түүний жинд японы Японы Хироми Эндо, дэлхийн аварга Ами Кондо нар хүрэл медаль хүртлээ.

-52 кг: /25/

Энэ жинд “Буэнос-Айрос 2018” хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам эх орноо төлөөлөн өрсөлдсөн бөгөөд шагналт 7-р байр эзэллээ. Тэрбээр эхний тойрогтоо Тайваний Лин Гуан-Юүнийг 2:53 минутад, Канадын Екатрина Гуйсаг 1:56 минутад цэвэр ялж, шилдэг наймд үлджээ. Гэвч D хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Ай Шишимэд вазари үнэлгээгээр ялагдсан бол торгуулийн тойрогт БНСУ-ын Пак Да-Сольд цэвэр ялагдлаа. Энэ жинд дэлхийн залуу аварга Ута Абе түрүүлж, 2017 оны дэлхийн дэд аварга Нацүми Цүнода үзүүрлэж, Ай Шишимэ болон дэлхийн чансааг тэргүүлэгч Францын Амандине Бушард хүрэл медаль хүртлээ.

-60 кг: /35/

“Осака-2018” Гранд Сламын энэ жинд манай улс хоёр залуу мастераа илгээсэн бөгөөд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Женко клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин, энэ оны улсын дэд аварга “Увс нуур” дэвжээний тамирчин Магсарын Тогтохбаяр нар хүч үзсэн. М.Тогтохбаяр эхний тойрогтоо БНХАУ-ын Сүрлэгийг ялсан ч удаах даваандаа дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны Елдос Сметовт ялагдсан бол Б.Амартүвшин Японы Юүма Ошимаг барсангүй. Харин энэ жинд Японы Юүжи Нагаяма түрүүлж, ОХУ-ын Яго Абуладзе үзүүрлэсэн нь “сюрприз” боллоо. Мөн өөр нэг сюрпризийг БНСУ-ын Ким Вон-Жин барьж, эхний тойрогтоо дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатог ялсан байна. Тэрбээр хамгийн сүүлд “Рио-2016” олимпод Н.Такатод ялагдснаасаа хойш анхны тэмцээндээ оролцож, Японы Юүма Ошимагийн хамт шагналын тавцанд зогссон байна.

-66 кг: /37/

Эхний өдрийн хамгийн олон өрсөлдөгчтэй тус жинд “World Masters” тэмцээний аварга ОУХМ Ганболдын Хэрлэн, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү нар хүч үзсэн. ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, МТ группын тамирчин Г.Хэрлэн ОХУ-ын Ислам Хаметовд вазари үнэлгээгээр ялагдсан бол Ё.Басхүү орос залууг ялж, Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Ингэхдээ тэрбээр эхний даваандаа АНУ-ын Коул Чандлерийг нэмэлт цагт торгуулиар, хоёрын даваандаа “Мастерс”-ийн мөнгө медальтай Казахстаны Елдос Жумакановыг 4:18 минутад цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд үлдхийн төлөө Кыргызстаны Алмаз Алтинбек Уулуг вазари үнэлгээгээр ялсан бол D хэсгийн аваргын төлөө энэ оны дэлхийн дэд аварга Казахстаны Ерлан Серикжановыг 3:29 минутад иппон буулгасан байна. Гэвч хагас шигшээд манай бөх дэлхийн аварга Хифүми Абед ялагдсан ч хүрэл медалийн төлөө ОХУ-ын Ислам Хаметовыг хоёр вазари үнэлгээгээр буюу цэвэр буулгаж авсан байна.

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар манай улс 1 мөнгө, 1 хүрэл, 1 долдугаар байрын амжилтаараа 70 улсаас гуравдугаарт эрэмблэгдэж байна.