У.Хүрэлсүх: Я.Содбаатарын буруутайг тогтоовол хариуцлага тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайдаар томилогдохоо УИХ-ын индэр дээрээс үг хэлж байснаа санаж байна. Энэ үгэндээ одоо ч гэсэн эзэн байгаа гэдгээ хэлмээр байна. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байна. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт эдийн засгийг сэргээж цалин мөнгийг нэмж, ядуурлаас авраач гэсэн. Ялангуяа ард түмэн шударга ёсыг хүлээж байна. Эдийн засаг, ядуурал ярихаас өмнө хариуцлага шударга ёсыг надаас нэхэж байна.

 

Надад хоёр зам байна. Нэгдүгээрт ард түмнийхээ шударга ёсыг хүсч байгааг нь биелүүлж, амь насаа алдахаас айхгүйгээр зүтгэх. Нөгөөх нь хэн нэгний хүслийг биелүүлж сандал ширээнээсээ буух. Монголын ард түмний хөрөнгөөр баяжсан, эрх мэдлийг өөртөө авсан МАНАН гэдэг бүлэглэл манайд байна. Би бүлэглэлийн эсрэг тэмцэл өрнүүлэх болно. Энд нэг зүйлийг хэлье. Тэр 60 тэрбумын бичлэг үнэн. Монголын төрийн албан тушаалыг арилжих талаар ярьсан уу, ярьсан. Бичлэг хийсэн үү гэвэл тийм. Харин хэрэгжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Нэн түрүүнд би УИХ-ын даргыг огцруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцор гэж хэлсэн нь үнэн. Манай бүлгийн шударга гишүүд миний саналыг хүлээж аваад түүнийг огцруулсан.

Дараа нь хотын даргыг огцор гэж хэлсэн. НИТХ нь одоо хуралдаж байгаа байх. Ийм гурван шаардлага тавьсан учраас өнөөдөр намайг огцруулах зүйл ярьж байна. М.Энхболд бид хоёр эртний найзууд. Гэхдээ би намаа бодох уу, Монголоо бодох уу гэдэг сонголтон дээр ирсэн. Монголоо бодохоор шийдлээ. Төрөө, намаа цэвэрлэх "их цэвэрлэгээг" би эхлүүлсэн. Ерөнхий сайдыг огцруулахаар 27 хүн гарын үсэг зурсан байна билээ. Та бүхэн энэ хүмүүсийг хараарай. Тэд өөрсдийнхөө хэн болохоо ард түмэнд харуулж байна. Тэнд та бүхний яриад байдаг 30 гэр бүлийнхэн зогсож байгаа гэдгийг би ард түмэндээ хэлье. Тиймээс миний тэмцэл цаашдаа улам хатуурах болно гэдгийг хэлмээр байна.

ЖДҮХС-тай нэр холбогдсон төрийн албаны хүмүүсийг чөлөөлсөн. Цаашдаа ч хариуцлага тооцно. Асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Тиймээс хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Засгийн газраас 27 санд шалгалт оруулаад ажиллаж байна. Эдгээр сангуудыг нээлттэй, шилэн болгож ажиллана гэдгээ хэлье

Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Энэ улс төрийн намуудад шударга, эх орноо гэсэн нэгэн туган дор шударга бустай тэмцэх хүсэлтэй хүн бүртэй хамтарч ажиллах болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хэлж байсан шиг "шударга бусын хонгил" бий болчихсон юм байна. Би ч энэ хонгил дотор явж байна. Би өнөөдөр улс төр ярих биш аж ахуй эрхлээд явах ёстой хүн. Гэтэл намайг улс төр ярихаас өөр ямар ч аргагүй болгочихлоо. Удахгүй бид өөрсдийн мөнгөөөрөө нутагтаа боловсруулсан бензинээ хэрэглэнэ, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байна. Мөн ирэх намраас хичээл сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халах гэж байна. Гацаанд ороод байсан Таван толгой асуудалд ахиц гарлаа гэх зэргээр олон чухал ажлуудыг энэ Засгийн газар хийж байна” гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн.

-УИХ-ын даргыг огцруулснаар энэ бүх асуудал шийдэгдэх үү?

-УИХ-ын дарга маш том эрх мэдэлтэй. Чуулганаар ямар асуудал оруулах, үгүйг мэддэг. Би энэ хүний эрх мэдлийг авч байж энэ парламент зөв ажиллана. Тийм ч учраас нэр бүхий гишүүд хуралдаа суухгүй гээд бойкот хийсэн гэж бодож байна. Хууль хяналтынхан шударгаар ажиллаж чадахгүй болсон. Энэ бүгд М.Энхболд гэж хүнтэй хамааралтай. Тиймээс энэ хүнийг үтэр түргэн чөлөөлөх хэрэгтэй.

-Та намын байрандаа 300 гаруй цэргийн хүн цуглуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бүтэн сайны орой хэсэг хүн над руу утасдсан юм. Бид гудамж талбайд гарахад бэлэн байна. Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Та бидэнтэй ирж уулзаач гэж хэлсэн. Тэр дунд цэргийн хүмүүс ч байсан, цагдаа сэргийлэхийн хүмүүс байсан. Би та бүхнийг ойлгож байна гудамж талбайд битгий гараарай. Эргэж асуудлыг яръя. Би тэр УИХ-ын дарга гэдэг хүнийг огцруулах асуудлыг ярина гэж хэлсэн. Түүнээс биш би зэвсэгт тэмцэлд уриалаагүй. Л.Энх-Амгалан тун хариуцлагагүй мэдэгдэл хийж байна лээ. С.Шойгу ирээд танк өгөөд явсан гэж байна лээ. Тийм зүйл болоогүй. Та бүхэн эрх мэдлээ өгчихөө. Энэ парламентыг шударга хүн удирдаад явах хэрэгтэй.

-Таныг засгийг огцруулахын тулд нэг кнопыг 950 саяар үнэлсэн гэх мэдээлэл байна?

-Би тийм зүйлийг мэдэхгүй. Мөнгө төгрөг тараасан сайдыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн.

-Та Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүнийг намаасаа хөөх үү?

-Эдгээр хүмүүсийг намаас хөөнө гэж байхүй. Гэхдээ хариуцлага тооц гэсэн зүйлийг хэлж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ЖДҮ-тэй холбогдсон сайд нартаа хариуцлага тооц, ЖДҮ-гээс зээл авсан намын генсекээ чөлөөл гэдэг хоёр тодорхой шаардлага тавьсан. Та яагаад эдгээр шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ?

-Манай намын Бага хурал удахгүй хуралдана. Я.Содбаатар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Буруутай нь тогтоогдвол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шиг амархан зүйл байхгүй. Би ч өөрт нь энэ талаар тодорхой хэлсэн. Хуулийн байгууллагаас чамайг ямар нэгэн байдлаар буруутай гэсэн дүгнэлт гаргавал шууд үүрэгт ажлаас чинь чөлөөлнө шүү гэж хэлсэн.