НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэх ёстой ч ирц бүрдээгүй байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 09.30 цагаас эхлэх байсан. Энэ хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Гэвч одоогоор ирц нь хүрэхгүйгээс хуралдан эхлээгүй байна. НИТХ нь нийт 45 төлөөлөгчтэй ч яг одоо 21 нь ирсэн байгаа юм. Тодруулж хэлбэл, ирц 50 хувьд хүрч байж, хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой болно. 

Дашрамд мэдээлэхэд өнгөрсөн долоо хоногт МАН-ын УЗ-ийн хуралдаанаас хотын дарга Су.Батболдод хариуцлага тооцох шийдвэр гарсан ч нийслэлийн ИТХ хотын даргын ажлыг хангалттай буюу 87 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн.