М.НАНДИНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид арваннэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн боксын эмэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх шатандаа ороод байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог 10 дахь удаагийн тэмцээнд манай улсын долоон эмэгтэй  нударга зөрүүлснээс 54 кг-ын жинд “Инчён-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын олон удаагийн аварга “Хангарьд” спорты клубийн тамирчин ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг ганцаараа үлдээд байсан юм.

 

Тэрбээр Шинэ Делигийн рингэнд 1/16 шигшээд Унгарын Сабина Сючи, 1/8 шигшээд Хорватын Зелена Питесаг тус бүр техникийн илт давуугаар, хүрэл медалийн төлөөх тоглолтод Мароккогийн Зохра Эз-Захроуг 5:0-ээр буулган авснаар Монгол Улсын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Тэгвэл М.Нандинцэцэг өнөөдөр медалийн өнгөө хувиргах тулаанд энэ жингийг тэргүүлэгч, “Астана-2016” ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Стойка Петроватай тулалдаж 2:3-аар ялагдлаа. Тэрбээр Монголын ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй төдийгүй ес дэх тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Р.Отгонбаяр “Мюнхен-1982”-д мөнгө, Э.Цогтжаргал “Тампере-1993”-д хүрэл, Т.Үйтүмэн “Будапешт-1997”-д мөнгө, Э.Бадар-Ууган “Чикаго-2007”-д мөнгө, П.Сэрдамба “Милан-2009”-д алт, “Баку-2011”-д хүрэл, У.Мөнх-Эрдэнэ “Милан-2009”, “Алматы-2013”-д хүрэл, Н.Төгсцогт “Милан-2009”-д мөнгө, Д.Отгондалай “Хамбург-2017”-д хүрэл медаль хүртэж байв.

 Б.БАТ